Н.Доржбалжид: Хулгайн замаар зорчихгүй байх нь эрсдэлээс сэргийлнэ гэдгийг иргэд ойлгох хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-08 16:41:28

Төв /МОНЦАМЭ/. Төв аймаг дахь Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах тасгийн дарга Н.Доржбалжидаас цаг үеийн нөхцөл байдал болон хэв журмын нөхцөл байдлын талаар тодрууллаа. 

-Аймгийн хэмжээнд хэчнээн постод хэдэн албан хаагч үүрэг гүйцэтгэж байна вэ?

-“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд гарсан шийдвэр, хууль, журмын хэрэгжилтийг хангах зорилгоор аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 22 постод 24 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.

-Алба хаагчдын аюулгүй байдлыг хэрхэн хангаж байгаа вэ?

-Цагдаагийн газрын хэмжээнд ажлын байрны ариутгал халдваргүйтгэлийг тогтмол хийж, цагдаагийн газраар үйлчлүүлж байгаа иргэдийг бүртгэн нэвтрүүлэхдээ биеийн дулааныг хэмжиж, гарыг нь ариутгуулан нэвтрүүлж байна. Мөн алба хаагчдад иргэдтэй ямар зайнаас харьцах, дулаан хувцаслах, халуун цай хоол идэж уух талаар тогтмол зөвлөмж өгч байна. Аль болох иргэдийг цагдаагийн газарт дуудахгүйгээр ажиллах чиглэл алба хаагчдад өгсөн.

-Эрсдэлтэй нөхцөлд үүрэг гүйцэтгэж байгаа алба хаагчдыг “Ковид-19” халдвараас урьдчилан сэргийлэх шинжилгээнд хамруулсан уу?

-Цагдаагийн газрын хэмжээнд өнөөдрийн байлаар 91 алба хаагч шинжилгээнд хамрагдсан. Алба хаагчдын гүйцэтгэж байгаа үүргээс хамаараад цаашид 100 хувь шинжилгээнд хамруулах ажлыг тогтмол зохион байгуулж ажиллана.

-Олон нийтийн цагдаа нар ажиллаж байгаа юу?

-Жил болгон аймгийн ИТХ-аас аймгийн хэмжээнд ажиллах Олон нийтийн цагдаагийн орон тоог батлан гаргадаг. 2020 онд 18 олон нийтийн цагдаа ажиллахаар батлагдсан боловч 7 суманд 7 олон нийтийн цагдаа ажиллаж байна.

Олон нийтийн цагдаагийн ахуй хангамж муу, цалин тогтмол өгдөггүй, хийх ажил амаргүй зэргээс болоод тогтож ажиллах хүн цөөн байна. Уг нь тухайн сум орон нутгаас дэмжээд ажиллуулбал хууль сахиулах ажилд ихээхэн дэмжлэг болох ёстой юм. Гэвч зарим сумын удирдлагууд хуулиа мэдэхгүй байгаагаас Олон нийтийн цагдааг хайхрахгүй цалин өгдөггүй, хувцасны зардал байхгүй зэрэг нь сөргөөр нөлөөлж байна.

-Төв аймгийн хэмжээнд энэ сарын 11-ний өдрийг хүртэл Улаанбаатар хот болон сум хоорондын хөдөлгөөнийг түр хориглосон. Иргэдийн зорчих хөдөлгөөн багасаж байна уу?

-Мэдээж зорчих хөдөлгөөн эрс багассан. Манай аймгийн газар нутаг Нийслэл хотыг тойрч байрласан бүх төрлийн зам дайрч гардаг учраас улсын чанартай авто замуудын хөдөлгөөн тодорхой хэмжээнд явж байгаа.

-Хөл хорио тогтоосон хугацаанд хулгайн замаар зорчих тохиолдол буурахгүй байна. Хулгайн замаар ирсэн иргэдэд ямар шийтгэл ногдуулах вэ?

-Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар /Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн дэглэм зөрчсөн, эсхүл саад учруулсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулах, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно/ иргэнийг Таван зуун мянган төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.

- Архи, согтууруулах ундаа худалдсан зөрчилтэй дэлгүүр илэрсэн үү? Ямар арга хэмжээ авсан бэ?

-Бүх нийтийн бэлэн байдал, өндөржүүлсэн бэлэн байдлын үед архи согтууруулах ундаа худалдсан түүгээр үйлчилсэн 18 зөрчил илрүүлэн шалгаж хариуцлага тооцсон. Давтан зөрчил гаргасан 1 дэлгүүрийн тусгай зөвшөөрөл хүчингүй болгуулахаар аймгийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албанд хүргүүлсэн.

-Иргэдэд юуг сэрэмжлүүлж анхааруулах вэ?

-Иргэд ухамсартай баймаар байна. Улаанбаатар хотод үүсээд байгаа нөхцөл байдал хүнд байна. Хулгайн замаар постуудыг тойроод явж байгаа хүмүүс бол очих гэж зориод байгаа хүмүүсээ эрсдэлд оруулж байна. Хэрэв очсон газар нь цар тахал гарвал ямар үр дагавар гарахыг бүгд л мэдэж байгаа. Тиймээс иргэдэд анхааруулахад, хулгайн замаар орон нутаг руу зорчихгүй байх нь та бүхнийг эрсдэлээс сэргийлнэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Ярилцсанд баярлалаа.

 

 

 

 

Связанные новости