З.Тэгшжаргал: Малчид санхүү мөнгөний боломжгүйгээс болоод нөөцөлсөн өвсөө зарж борлуулсан байдалтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-01-08 19:32:14

Увс /МОНЦАМЭ/. Тариалан сумын Засаг даргаар томилогдоод удаагүй байгаа З.Тэгшжаргалтай уулзаж, сум орон нутагт нь өвөлжилт хэр байгаа талаар тодрууллаа.

“Манай суманд цас багатай ч огцом хүйтэрсэн тул харын зуд болж байна. Цас нэмж орвол өвөлжилт хүндрэх нөхцөл бүрдсэн. Мөн энэ жилийн хувьд малчид, газар тариалан эрхлэгчид өвс тэжээлийн нөөц бага бүрдүүлсэн байна. Малчид санхүү мөнгөний боломжгүйгээс болоод нөөцөлсөн өвсөө зарж борлуулсан байдалтай байна.

Манай сумын Бургастай багийн 100-гаад өрх Өмнөговь суманд отроор өвөлжиж байгаа. Мөн Ховд суманд 15 малчин өрх өвөлжиж байна. Сүүлийн үед газрын харилцаа хөгжиж, сумын хил хязгаар тодорхой болоод ирэхээр манай сумын бүхэл бүтэн нэг баг өөрийн гэсэн газар нутаггүй болсон. Өөрөөр хэлбэл, Бургастай багийн малчдын гурав, дөрвөн үеэрээ амьдарч байсан газар нутаг нь өөр сумын газар нутаг болж гарч ирсэн. Эдгээр малчдын хувьд Монгол Улсын Үндсэн хуульд заасан эрх ашиг хөндөгдөж байгаа. Гэтэл Өмнөговь сумын малчид нөгөө газар дээр нь өвөлжөөний гэрчилгээ бичүүлээд авчихсан байх жишээтэй. Үүнээс болоод Тариалан сумын Бургастай багийн малчид олон жил өвөлжсөн буурь бууц дээрээ буухаар хоёр сумын малчдын дунд газрын маргаан үүсэх тохиолдол их гарч байна. Энэ талаар Өмнөговь сумын удирдлагуудтай нь уулзахаар “Бид ижил малтай, ихэр буурьтай хүмүүс, нэгнийгээ хөөж туухгүй” гэсэн байр суурьтай байгаа. Гэтэл малчид нь болохоор өвөлжөө, хаваржааны гэрчилгээтэй газар дээр нь өвөлжиж байгаа айлуудаас мал мах, мөнгө төгрөг авдаг зүйл нэг бус удаа гарсан. Бэлчээрийн энэ хүндрэлтэй асуудлыг яаралтай шийдэх хэрэгтэй байна.

Манай сумын хувьд 2019 оны жил эцсийн мал тооллогоор 191 мянган мал тоолуулсан бол 2020 оны жилийн эцсээр 194 мянган толгой малтай болж, сумын мал сүрэг 3 мянган толгойгоор өссөн дүнтэй байна” хэмээн Тариалан сумын Засаг дарга З.Тэгшжаргал хэллээ.

Связанные новости