Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны анхдугаар хуралдаан цахимаар хуралдав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-01-09 13:04:59

Төв /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын тэргүүлэгчдийн 2021 оны анхдугаар хуралдаан энэ сарын 8-ны өдөр цахимаар хуралдлаа. 

Уг хуралдаанаар 9 асуудлыг хэлэлцсэн бөгөөд аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын албаны 2020 оны ажлын тайлан,  аймгийн ИТХ, ИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоол, шийдвэрийн хэрэгжилтэд хийсэн хяналт шинжилгээ, үнэлгээг 2020 оны жилийн эцсийн байдлаар хэлэлцсэн бол зарим аймаг, сумдтай хиллэж байгаа хилийн цэсийн асуудлаар Мэргэжлийн комисс байгуулах асуудлыг хэлэлцсэн байна. Түүнчлэн  газар тариалангийн талаар баримталж байгаа аймгийн бодлогын хэрэгжилтийн явцын тухай болон Жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн хөтөлбөрийн  2020 оны хэрэгжилтийн тухай хэлэлцжээ. 

Харин 2021 онд аймгийн ИТХ-аар хэлэлцэх асуудлын төлөвлөгөөг баталсан бол 2020 оны газрын нэгдмэл сангийн тайланг хэлэлцэж баталгаажуулжээ. Мөн Төв аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө батлах тухай асуудлыг хэлэлцэж, хурлын байгаль орчин хөдөөгийн хөгжлийн хороонд шилжүүлсэн байна.

Тус хуралдааны талаар ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын орлогч Ц.Буманбуянаас тодруулахад:  "Уг хуралдаанаас онцлох олон зүйл байгаа. Үүний дотор сүүлийн жилүүдэд Төв аймгийн газар тариалангийн үйлдвэрлэл өсөж бодит үр дүн гарсаар байна. Цаашид улам сайжруулахын тулд хөрсний ашиглалт хамгаалалтыг сайжруулах, үрийн үйлдвэрлэлийн менежментийг тодорхой болгох ёстой. Мөн тэжээлийн таримлаар бий болж байгаа бүтээгдэхүүнээр хамгийн эхэнд аймгийнхаа малчид, иргэдийг хангах бөгөөд илүү гарсныг нь үндэсний хэмжээнд нийлүүлэх байдлаар аж ахуй нэгж байгууллагуудын нийгмийн хариуцлагын гэрээнд тусгаж хэрэгжүүлэх олон асуудал бий. Тиймээс газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуй нэгжүүдийн техник технологийн шинэчлэлийг үр дүнтэй хэрэгжүүлэх талаар хэлэлцсэн" гэв.

 

 

 

Связанные новости