Иргэдийн мэдээллийн дагуу хяналт шалгалтыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-09 17:04:03

Сэлэнгэ/МОНЦАМЭ/.Сэлэнгэ аймгийн Цагдаагийн байгууллагаас хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар, мөн зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэрлэж, өөртөө болон өрөөл бусдад эрсдэл учруулахгүй байхыг зөвлөж байна. Түүнчлэн хот хооронд зөвшөөрөлгүй хүн тээвэрлэсэн, такси үйлчилгээнд явсан тохиолдолд тээврийн хэрэгслийг улсын орлого болгоно гэдгийг ч онцгойлон анхаарууллаа.  

Хулгайн буюу зөвшөөрөгдөөгүй замаар коронавирусний шинжилгээ өгөөгүй иргэдийг тээвэрлэж байгаа талаар иргэдээс цагдаагийн байгууллагад мэдээлэл ирүүлсэн аж. Энэхүү мэдээллийн мөрөөр аймгийн Цагдаагийн газраас хяналт шалгалтын ажиллагааг зохион байгуулсан байна.  

Тодруулбал хяналт шалгалтын хүрээнд бүх нийтийн хөл хорионы үед зөвшөөрөгдөөгүй авто замаар хүн тээвэр хийсэн Өмнөговь аймагт 13 тээврийн хэрэгсэл, 13 жолооч, 28 зорчигч нийт 41 иргэн, Дархан-Уул аймагт 12 тээврийн хэрэгсэл, 12 жолооч, 17 зорчигч нийт 29 иргэнд тус тус Зөрчлийн тухай хуулийн 5.13, ЭХТА-ийн 15.6-д зааснаар зөрчлийн хэрэг нээн ажиллаж байгаа гэнэ. Мөн зөрчлийн тухай хуулийн 4.2-т зааснаар зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хурааж улсын орлого болгох саналыг аймгийн шүүхэд хүргүүлэхээр ажиллаж байгаа гэдгийг албаны хүн хэллээ.

Иймд иргэд та бүхэн хулгайн гэх тодотголтой зөвшөөрөгдөөгүй замаар болон зөвшөөрөлгүй хот хооронд хүн тээвэр хийхгүй байхыг цагдаагийн байгууллагаас онцгойлон анхааруулж байна. Тус Цагдаагийн газраас иргэдэд хандаж дараах мэдээллийг хүргэлээ. Үүнд:

Зөрчлийн тухай хуулийн 4.2 дахь хэсэгт:

4.2 дугаар зүйл.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгслийг хураах

1.Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд эрх бүхий албан тушаалтан зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, зэвсэг, хэрэгслийг хураана.

2.Зөрчил үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналгыг хураах, эсхүл түүний үнийг гаргуулах эсэхийг шүүх шийдвэрлэнэ.

3.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл, хэрэгсэл нь зөрчил үйлдсэн хүний амьжиргааны эх үүсвэр болсон эд зүйл, хэрэгсэл бол тэдгээрийг хураахгүй.

4.Зөрчил үйлдэхэд ашигласан эд зүйл гэдэгт зөрчил үйлдэхдээ ашигласан зэвсэг, хэрэгсэл, эд зүйл, тээврийн хэрэгсэл, уналга, зөрчилтэй бараа, бүтээгдэхүүн, эд зүйлийг ойлгоно.

Связанные новости