Журам зөрчсөн иргэдийг өөрсдийнх нь зардлаар тусгаарлана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга Захирамж гаргаж, өнөөдрөөс
эхлэн архи, согтууруулах ундаа борлуулах, түүгээр үйлчлэхийг хориглож, мөн журам
зөрчиж, аймгийн нутаг дэвсгэрт зорчсон иргэдийг өөрсдийнх нь зардлаар
тусгаарлах арга хэмжээ авахаар шийдвэрлэлээ.
“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр
авах зарим арга хэмжээг эрчимжүүлэн коронавируст халдварын сэжигтэй тохиолдол
илэрсэн үед болон халдварын голомттой бүс нутгаас зөвшөөрөгдсөн зам, маршрутаас
бусад баталгаагүй замаар нэвтэрсэн иргэдийг байрлуулах тусгаарлах байр,
тасалгаа бэлтгэж, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлэх, хулгайн замаар
зорчиж, зөрчил гаргасан жолооч, зорчигчдод холбогдох хуулийн дагуу хариуцлагыг
тооцож, тусгаарлах байранд түр байлгаж, байр, хоол, шинжилгээ авах зэрэг холбогдох
зардлыг өөрсдөөр нь төлүүлэх, тээврийн хэрэгслийг журамлаж байхаар боллоо. Мөн XVII
жарны цагаагчин үхэр жилийн Цагаан сарын баярыг аймгийн хэмжээнд нийтээр
тэмдэглэн өнгөрүүлэхгүй байхаар шийдвэрлэснээс гадна согтууруулах ундаа
худалдан борлуулах, түүгээр үйлчлэхийг өнөөдрөөс эхлэн 14 хоног түр хориглолоо.