Нийт батлагдсан 217 тохиолдлын 171 нь бүрэн эдгэрч хяналтаас гарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2021-01-11 14:51:16

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймгийн том голомт хумигдаж, нийт батлагдсан 217 тохиолдлын 89.8 хувь буюу 195 иргэн эдгэрч, 171 нь хяналтаас гарчээ.

Сэлэнгэ аймагт халдварын тохиолдол бүртгэгдээгүй 19 хоног өнгөрч байна. Аймгийн нэгдсэн эмнэлгийн вируслогийн лабораторид хийсэн 194 хүний PCR шинжилгээний хариу бүгд сөрөг гарчээ. Батлагдсан болон сэжигтэй тохиолдлын 220 хүний сорьц авч, өссөн дүнгээр 29511 хүнийг баталгаажуулах шатны шинжилгээнд хамруулсан аж.

Өнөөдрийн байдлаар аймгийн Нэгдсэн эмнэлгийн “Ковид”-ын тасагт эмчлүүлж буй 7 өвчтөний биеийн байдал хөнгөн байна. Дараагийн шатны сувилалд эдгэрсэн 6 иргэн байгаа аж. Батлагдсан тохиолдлын ойрын болон дам хавьтлыг судлах, эцэслэн тогтоох чиглэлээр тандалтын баг, цагдаа, тагнуулын байгууллага хамтран ажиллаж, 1486 иргэнийг хавьтлын судалгаанд бүртгэгдэж, 1472 иргэний хяналтын хугацаа дуусч, 14 иргэн гэрийн ажиглалтад байна. Мөн Улаанбаатар хот болон бусад эрсдэлтэй аймгаас ирсэн 239 өрхийн 603 иргэн гэрийн ажиглалтад байгаа аж.

Түүнчлэн аймгийн хэмжээнд 120 цэг байршлын 31103 м2 талбайд урьдчилан сэргийлэх, хоёр цэг байршлын 688 м2 талбайд голомтын халдваргүйжүүлэлтийг хийжээ. Сэлэнгэ аймгийн хэмжээнд автозамын шалган нэвтрүүлэх болон хэв журам сахиулах хяналтын цэгүүдэд Цагдаа, Онцгой байдал, бусад салбарын 162 алба хаагч 24 цагаар үүрэг гүйцэтгэн ажиллаж байна.

 

Связанные новости