Хүчирхийллийг бууруулах үе тэнгийн сургагч бэлтгэнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2021-01-14 16:00:30
Өмнөговь /МОНЦАМЭ/ Өмнөговь аймагт “Банхар” арт терапи онлайн төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Үе тэнгийнхний дээрэлхэлт, хүчирхийллийг бууруулах үе тэнгийн сургагч бэлтгэх, багш, эцэг эхчүүдэд өсвөр үеийнхэнтэй харьцах шинэлэг санаа, шинэ арга зүй олгох зорилготой энэхүү онлайн төслийг НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж, Даланзадгад сумын 3, 4-р сургуулийн 80 сурагч, 40 багш, 40 эцэг нийт 160 хүнийг хамруулах аж.
Төслийг хэрэгжүүлэгч сургагч багшаар МУСЗМХолбооны тэргүүн, нийгмийн ажилтан, Арт тирапист В.Бэрцэцэг ажиллах юм. Арт терапи гэдэг нь эмчилгээний урлаг гэсэн утгатай бөгөөд үе тэнгийнхнээр нь дамжуулан эрсдэлтэй хүүхдүүдэд эерэг нөлөөлөл үзүүлэхийг зорьж байгаа аж. “Ковид-19” халдвар тархахаас урьдчилан сэргийлж хөл хорио тогтоон, цэцэрлэг сургуулийн үйл ажиллагааг хязгаарласан байгаа энэ үед сурагчдад чиглэсэн цахим болон тусгай зохион байгуулалттай ажлуудыг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм. Аймгийн Засаг даргын Тамгын газар, НҮБ-ын Хүүхдийн сан, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газар, ЕБС-ууд, Арт терапи холбоо хамтран тус төслийг хэрэгжүүлнэ.
ДЭМБ-ын 2017 оны тайлангаас харахад Монгол Улс амиа хорлолтын байдлаар 3-р байрт орсон бөгөөд 15-29 насны залуучуудын нас баралтын тэргүүлэх шалтгааны 2 дугаарт оржээ. Тэдний 65 хувь нь үе тэнгийнхний дээрэлхэлт, дарамтаас болсон байна.

Связанные новости