Газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох ажлын баг Ханх суманд ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2021-01-14 17:02:39

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл  аймгийн Засаг даргын захирамжаар аймгийн Онцгой байдлын газрын Гамшгаас хамгаалах улсын хяналтын ахлах байцаагч Л.Бямбасүрэнгээр  ахлуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн ажлын баг Ханх суманд ажиллаж байна.

Тус сумын иргэд, байгууллага, аж ахуйн нэгжид газар хөдлөлтийн улмаас учирсан хохирлыг тогтоох, гамшгийн хохирол, хэрэгцээний үнэлгээ хийх юм. Ажлын баг үдээс өмнө Ханх сумын захиргаа, сургууль, цэцэрлэгт үүссэн нөхцөл байдалтай танилцаж, орон нутгийн удирдлага иргэдтэй уулзсан бол үдээс хойш Хороо багийн Ходон гэдэг газар нутагт газар хөдлөлтийн улмаас айлын байшингийн  доороос ус гарсан гэсэн мэдээлэл ирсэн учраас нөхцөл байдалтай газар дээр нь танилцахаар явсан байна.

Ажлын багт аймгийн ИТХ-ын дарга Г.Мөнгөнхуяг, Мэргэжлийн хяналтын газар, Онцгой байдлын газар, Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар гэсэн байгууллагуудын мэргэжилтэн, байцаагч нар ажиллаж байна.

Хөвсгөл аймагт өнөө өглөөний 6 цагийн байдлаар 1245 удаагийн газар хөдлөлт бүртгэгдсэнээс 3,5 магнитудаас дээш буюу иргэдэд 89 хөдлөлт мэдрэгдсэн байна. Харин өнөөдөр өглөөний 9 цаг 02 минутад 3,6 магнитуд, 15 цаг 38 минутад 3,9 магнитуд тус тус 2 удаа хөдөлсөн нь Ханх сумын иргэдэд мэдрэгдээгүй гэдгийг Одон орон геофизикийн хүрээлэнгийн Хатгал дахь салбарын эрхлэгч Ц.Даваадалай мэдээллээ.

Связанные новости