ХӨВСГӨЛ: Хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний төв нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2025-11-04 12:30:57

Мөрөн, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлтийг уялдуулан иргэдэд ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, ажилд зуучлалын үйлчилгээг хүргэх зорилготой “Жоб центр Хөвсгөл” төвийг нээж үйл ажиллагаагаа эхлүүллээ.


Тус төв нь ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээг ганцаарчилсан болон бүлгийн хэлбэрээр үзүүлнэ.


Ажил хайгч иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн ур чадварын үнэлгээ хийж, хөдөлмөр эрхлэх хувийг төлөвлөгөө гаргахад нь дэмжлэг үзүүлж, ажлын байрны захиалгын мэдээг нэгтгэн иргэдийг ажилд зуучлах юм.


Хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэл болон тус салбарт хэрэгжиж буй хууль тогтоомж, дүрэм журмын талаар мэдээллийг нэг дор нэгдмэл байдлаар иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад хүргэж, иргэдийн бизнес санаагаа олох, бизнесээ хөгжүүлэхэд зөвлөгөө мэдээлэл өгөх зэрэг цогц үйлчилгээг үзүүлнэ.


Тус төвийн нээлтэд аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар оролцож “Олон улсын жишигт нийцсэн хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээ үзүүлэх төв нээгдэж байгаад баяртай байна. Өрхийн үйлдвэрлэл, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зорилгоор тус төвийг аймгийн ЗДТГ-ын дэргэд байгуулж, өрөө танхимаар дэмжлэг үзүүллээ. Цаашид тус төвийн үйл ажиллагаа орон нутгийн иргэдэд хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэхэд чухал хувь нэмэр оруулна” хэмээн онцолж амжилт хүслээ.

 

 

 

Связанные новости