Өнөөдөр Булган аймгийн Яам байгуулсан өдөр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-15 13:08:52

Булган /МОНЦАМЭ/ 1938 оны нэгдүгээр сарын 15-ны өдөр Ачуутын голын хойд талд арван гэр барьж, аймгийн намын хороо, аймгийн яам ажлаа эхлэн явуулж эхэлжээ. Эл өдрийг Булган аймгийн Засаг дарга Булганыхны бахархлын нэгэнд тооцон тэмдэглэж байхаар шийдвэрлэлээ. Мөн Монгол хүн сансарт ниссэн, Монголчууд олимпийн анхны аваргатай болсон өдрийг бахархлын өдөр болгохоор төлөвлөж байна.

БНМАУ-ын Ардын Сайд нарын Зөвлөлийн 1937 оны ХII сарын 15-ны өдрийн 33 дугаар тогтоолоор Сэлэнгэ аймгийг Булган, Сэлэнгэ гэж хоёр аймаг болгон тусгаарлан байгуулжээ. Ардын Сайд нарын Зөвлөлийн ерөнхий сайд А.Амарын 1937 оны 12 дугаар сарын 27-ны 241 дүгээр тушаалаар Булган аймгийг 15 сум, 128 баг, 10360 өрх, 43500 хүн амтай, 1,1 сая малтай, 42250 ам км нутагтай байгуулсан байна. Сэлэнгэ аймгаас Сайхан, Хантай, Сэлэнгэ, Булган, Сэлэнгэбүрэн, Халиун, Хангал, Цонхлон сум, Төв аймгаас Бүрэгхангай, Авзага сум, Хөвсгөл аймгаас Тэшиг, Хутаг-Өндөр, Намнан, Баян-Агт, Архангай аймгаас Могод сумыг Булган аймагт харъяалуулан захируулах болжээ. Мөн 1938 оны нэгдүгээр сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн, Орхонтуул сумыг Булган аймагт шилжүүлжээ. Сайд нарын Зөвлөлөөс Булган аймгийн анхны даргаар Ц.Доржийг томилж байжээ.

1942 оны төлөвлөгөөт бүх зорилтыг давуулан биелүүлж, улсын тэргүүний аймгаар шалгарч, “Хөдөлмөрийн гавъяаны улаан туг” одонгоор шагнуулсан юм. 1961, 1972 онд Бүх ард түмний уралдаанд шалгарч шагнуулж байсны дээр 2011, 2015 оны ажлаар Шилдэг аймгаар шалгарч байлаа.

Ууган гавьяатан, алдартны өлгий нутаг Булган аймгаас 40 гаруй анхдагч төрсөн байна.

Связанные новости