Төсөл хөтөлбөр хэрэгжүүлэгчид зөвлөлдлөө

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-19 10:53:38
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн нутаг дэвсгэрт гадаадын зээл тусламжаар төсөл хөтөлбөр хэрэгжүүлж буй байгууллагууд, төрийн байгууллагын төлөөллийн хамтарсан уулзалт хэлэлцүүлэг энэ сарын 15-нд боллоо. 
Хоёр талын ажлын уялдаа холбоог хангах, харилцан мэдээлэл солилцох, орон нутгийн төр, захиргааны байгууллагын зүгээс үзүүлэх дэмжлэгийг тодорхойлох, хамтын ажиллагааны үр өгөөжийг нэмэгдүүлэх солилцох, үр дүнтэй сайн туршлагыг дэлгэрүүлэх зорилгоор Баянхонгор аймгийн ЗДТГ, ИТХ, Засаг даргын дэргэдэх Аялал жуулчлалын албанаас санаачлан тус уулзалтыг зохион байгуулсан юм.
Уулзалт хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын дарга Э.Энхбат, Засаг дарга Д.Мөнхсайхан, ЗДТГ-ын дарга М.Өнөржаргал болон төсөл хөтөлбөрийн зохицуулагч нар оролцов. 
2021 оны байдлаар Баянхонгор аймагт “Дэлхийн Зөн Баянхонгор” ОНХХ-2, Европын холбоо, AVSF байгууллагын “Тогтвортой ноолуур” төсөл, Швейцарын хөгжлийн агентлагийн “Ногоон алт – Малын эрүүл мэнд” төсөл, НҮБ-ын Хүүхдийн сангийн “Утаагүй Баянхонгор” төсөл, Дэлхийн банк, Швейцарын хөгжлийн агентлагийн “Тогтвортой амьжиргаа - 3” төсөл, БОАЖЯ, Даян дэлхийн байгаль орчны сангийн “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь ” төсөл, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын “Орон нутгийн иргэдэд түшиглэсэн уур амьсгалын өөрчлөлтөд тэсвэртэй ус хангамж, ариун цэвэр, эрүүл ахуйн үйлчилгээ” төсөл, Дани – Монголын нийгэмлэг, CISU байгууллагын “Хариуцлагатай тогтвортой нийгэм” төсөл, Азийн хөгжлийн банк , Баянхонгор аймгийн аймгийн Эрүүл мэндийн газрын “Хүүхдэд эсэн мэнд амьдрахуй” төсөл, АНУ-ын Олон Улсын Хөгжлийн агентлаг, Хөгжлийн шийдэл ТББ-ын “BEST” хөтөлбөр, Каритас Чех Репаблик олон улсын байгууллага, Иргэний Боловсролын төв, Монголын залуучуудын эвсэл хамтран Европын холбоо, Азийн сангийн “Бүгд залуусын төлөө, залуус бүгдийн төлөө” төсөл, Монголын Улаан загалмайн Нийгэмлэгийн “Хот суурин газрын гамшгийг даван туулах чадавхыг бэхжүүлэх”, “Олон нийтийн оролцоотой гал түймэр унтраах баг байгуулах” төслүүд тус тус хэрэгжиж байна.
Дээрх төслийн танилцуулгыг зохицуулагчид хийсний дараа төр, төсөл хэрэгжүүлэгчдийн дунд чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлсэн. Уулзалт хэлэлцүүлгээс аймгийн удирдлагуудын хувьд төслийн байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэн бэхжүүлэх, төсөл хөтөлбөрийн байгууллагуудыг нэгдсэн зохион байгуулалтад оруулах, төр, төслийн байгууллагуудын уялдаа холбоог бий болгон улмаар нэг чиглэлд давхардан үйл ажиллагаа явуулж хүч, хөрөнгө тарамдуулах бус оновчтой ажил арга хэмжээг илүү бодит үр дүнтэй хэрэгжүүлэхэд хамтран ажиллахад анхаарах шийдэлд хүрчээ.
Связанные новости