Эрүүл мэндийн тандалтыг үндэслэн аймагт нэвтрүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-20 14:55:17
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Онцгой комиссын долдугаар хуралдаанаар гэрийн тусгаарлалтад байгаа иргэд, мөн орон нутагт ирэх иргэдийн эрүүл мэндийн байдалд тандалт хийж, дэглэм сахиулахад онцгой анхааран ажиллах тухай хэлэлцэв.
Өнөөдөр /2020.01.20/ өглөөний 08.00 цагт аймгийн Авто тээврийн төвөөс эхний ээлжийн хоёр автобус Улаанбаатар хот руу хөдөлсөн бөгөөд маргааш өглөөний 08.00 цагт Баянхонгор аймаг руу иргэдээ аваад буцах юм. Иргэд хотоос ирэхдээ PCR шинжилгээний хариу, хүчинтэй хугацааны бичигтэй ирэх бөгөөд орон нутагт нэвтрүүлэхдээ иргэн нэг бүрд түргэвчилсэн оношлуурын тестээр эрүүл мэндийн байдалд тандалт хийснээр, тусгаарлалтад шилжүүлэхээр болжээ.
Улаанбаатар хотоос орон нутагт ирэх хүсэлтээ 900 орчим иргэн гаргаад байгаа бөгөөд эхний ээлжинд хүндэтгэн үзэх шалтгаантай /Өндөр настан, эрүүл мэндийн шалтгаантай, жирэмсэн болон хөхүүл эх, оршин байх газаргүй санхүү мөнгөний гачигдалд орсон оюутан/ иргэдийг татан авахаар төлөвлөж, энэ хүрээнд өргөдөл хүсэлтийг авч шийдвэрлэн ажиллаж байгаа аж.
Связанные новости