Цахим кабинетыг нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-01-21 20:28:50

Баянхонгор /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд анхдагч болж Баянхонгор аймгийн ИТХ, ЗДТГ, БСУГ хамтран аймгийн хэмжээний төрийн өмчийн 26 сургуульд “Онлайн кабинет” төсөл, арга хэмжээг өрнүүлж байна. 

Тодруулбал, орон нутаг 280 сая төгрөгийн төсвөөр ухаалаг самбар бүхий цахим хичээл, онлайн сургалтын тоног төхөөрөмжийг “Konica minolta” DellEMS optama, Maxhub зэрэг брэндүүдийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Санко маркетинг Монголиа” ХХК, “Дэвших Болор” ХХК-тай хамтран Ерөнхий боловсролын сургуулиудад олгож байгаа юм.

Тус 65 инчийн ухаалаг самбар бүхий /өндөр үзүүлэлт, хурд бүхий компьютерийн бүх төрлийн үйлдлийг өөртөө багтаасан/тоног төхөөрөмжийг өнөөдөр /2020.01.21/ аймаг албан ёсоор хүлээж авлаа. 

Орчин үеийн техник, технологийн шийдлийг харуулсан тусгай төхөөрөмжөөр хангагдсан онлайн кабинеттай болсноор теле, цахим хичээлийг зохион байгуулах, багшийг чадавхжуулах, сурагчдыг хөгжүүлэх үйл ажиллагаанд бодит дэмжлэг болж байна.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ковидтой холбоотойгоор үүссэн хичээлийн хоцрогдлыг арилгах тал дээр сайтар анхаарч, аймгийн зүгээс дэмжин олгож буй эдгээр төхөөрөмжүүдийг ажиллуулах горимыг сайтар эзэмшиж, техник технологийн мэдэгдэхүүн, ажлын бүтээмжээ өндөрсгөн, боловсролын чанарт тодорхой ахиц өөрчлөлт гаргахыг нийт багш сурган хүмүүжүүлэгч нараасаа хүслээ.  

Онлайн кабинетыг үндэслэн цаашид багш, сурагчдыг цахим тоног төхөөрөмжийг ашиглах, байнгын хэрэглээгээ болгох тал дээр сургалт мэдээллээр сайтар хангаж, цахим контент, платформ хөгжүүлэх баг бүрдүүлэн багш нарын хөгжлийг дэмжих, цахим төхөөрөмжийг дэс дараатайгаар нэмэгдүүлэх, орон нутагт жишиг болох “Цахим сургууль”-ийг бодлогоор дэмжиж, багш, сурагчдыг урамшуулах бодлогыг БСУГ-аас баримтлан ажиллах юм байна.

Связанные новости