"Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ өдөрлөг" үр дүнгээ өгч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-01-25 12:52:44

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн Ж.Оюунгэрэлтэй уулзаж, иргэдэд эрх зүйн боловсрол олгох ажлын талаар ярилцлаа.

      - “Эрх зүйн хөтөч” хөтөлбөрийн эхний шатыг хэрэгжүүллээ. Ямар үр дүнд хүрсэн бэ?

      - Аймгийн хэмжээнд иргэдэд хууль, эрх зүйн мэдлэг олгох, сургалт сурталчилгаа хийх үүрэг бүхий  эрх зүйн хөтөч 100 ажиллаж байна.  “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” нээлттэй өдөрлөгийг 4 удаа зохион байгуулсан. Энэ үеэр 16 сум, 1 тосгон, 75 багийн 12380 төрийн алба хаагч, иргэнд хандаж, хууль зүйн туслалцаа үзүүлсэн. Уг ажлыг зохион байгуулахад давхардсан тоогоор 32 төрийн байгууллага  хамтран  ажилласан.  Аймгийн хэмжээнд 21,0 сая төгрөг төсөвлөж зарцуулсан.

       Иргэд өөрт хэрэгтэй хууль, эрх зүйн мэдээлэл, зөвлөгөөг нэг дороос авах, тулгамдаж буй асуудлын талаар гаргаж буй санал гомдлоо шийдвэрлүүлэх боломжийг “Иргэдэд ойр эрх зүйн үйлчилгээ” өдөрлөгийн үеэр хүргэж чадсан. Алслагдсан хөдөөгийн малчин, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хууль, эрх зүйн мэдээллийн сувгуудыг ашиглан эрх зүйн үйлчилгээг үзүүлсэн. Мөн хөдөөгийн иргэдэд “Малчин таны өврийн дэвтэр” товхимол 1600 ширхэг хэвлэж түгээсэн.

      - “Ковид-19” цар тахал дэгдсэнтэй холбоотойгоор хүмүүсийг олноор цуглуулах, сургалт явуулахыг хориглосон. Ийм нөхцөлд эрх зүйн боловсрол олгох ажлыг хэрхэн зохион байгуулж байна вэ?

      - “Ковид-19 цар тахлын өвчний дэгдэлттэй холбогдуулан 16 сум, 1 тосгоны иргэдэд эрх зүйн боловсролыг хүртээмжтэй хүргэх зорилгоор аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтэс, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөл хамтран "Шилдэг эрх зүйн баг" буюу эрх зүйн хөтөч шалгаруулах уралдааныг зарлан ажилласан. Энэ ажлын хүрээнд сум, тосгон албан ёсны фэйсбүүк хуудсаар дамжуулан иргэдэд 1110 төрлийн хууль, эрх зүйн мэдээллийг байршуулан давхардсан тоогоор 21458 иргэн үзсэн байна. Шинээр мөрдөгдөж буй 68 хуулиар эрх зүйн  мэдээлэл бэлтгэж, 78 шторк, 4 богино хэмжээний кино, бага насны хүүхдийг осол гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр цуврал видео бичлэгийг байршуулан сурталчилж байна.

“Шилдэг эрх баг” шалгаруулах уралдааны үр дүнд давхардсан тоогоор 22686 иргэн, төрийн алба хаагч нарт эрх зүйн багаар дамжуулан хуулийн мэдээлэл бэлтгэн 42031 ширхэг гарын авлага, тараах материал хүргэн ажилласан тайлан байна.

      - Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид хөтөлбөрийн хэрэгжилтийг хэлэлцсэн. Ямар үнэлгээ өгч байна вэ?

      - Иргэн, төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуйн нэгжийн ажилтнуудын эрх зүйн мэдлэг, мэдээллээр шуурхай, хүртээмжтэй, нээлттэй, үр дүнд хүрсэн эрх зүйн албан бус сургалтын тогтолцоог бий болгоход “Эрх зүйн хөтөч” хөтөлбөр чиглэсэн. Эрх зүйн анхан шатны үйлчилгээг иргэдэд ойртуулж, хуулиар олгогдсон эрх, боломжоо тэгш хүртээмжтэй ашиглахад чиглэсэн бүх нийтийн эрх зүйн мэдлэг боловсролыг дээшлүүлэхийг зорьсон хөтөлбөрийн хэрэгжилтийг 96,0 хувьтай байна гэж дүгнэсэн.

Связанные новости