Хязгаарлалтын дэглэмийг цуцаллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Өнгөрсөн 1-р сарын 27-ны өдрийн 11.00 цагаас эхлэн аймгийн хэмжээнд тогтоосон
хязгаарлалтын дэглэмийг 1-р сарын 30-ны өдрийн 8.00 цагт цуцаллаа.
Учир нь Улаанбаатар хотоос иргэдээ татан авах үйл ажиллагааны үеэр Зүүнхангай
суманд ирсэн нэг иргэнээс коронавирусний сэжигтэй тохиолдол илэрсэн. Энэ дагуу тухайн иргэнээс холбогдох шинжилгээг авч мэргэжлийн байгууллага руу илгээсэн бөгөөд шинжилгээний
хариу сөрөг гарсан. Иймээс мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлтийг үндэслэн аймгийн
хэмжээнд тогтоосон хязгаарлалтын дэглэмийг цуцлаад байна. Хязгаарлалтын
дэглэмийг цуцалсантай холбогдуулан 2020 оны 12-р сарын 31-ний өдөр аймгийн Засаг
даргын гаргасан захирамжийг хүчин төгөлдөр хэвээр мөрдөхийг үүрэг болголоо. Үүнд:
-Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй
холбогдуулан нийтийг хамарсан хурал, зөвлөгөөн, сонгон шалгаруулалт, боловсрол,
соёл урлаг, шинэ жилийн болон тэмдэглэлт ойн үйл ажиллагаа зохион байгуулахгүй
байх, спортын уралдаан тэмцээн, сургалт, дугуйлан, фитнес, сүм хийд шашны
байгууллага, караоке, баар, РС тоглоомын үйл ажиллагааг хязгаарлах.
-Барааны зах болон дэлгүүр, барилгын материалын дэлгүүр,
үсчин гоо сайхан, цайны газар, ресторан, зочид буудал, дэн буудал болон
үйлдвэрлэл үйлчилгээ явуулж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өдөр бүрийн
09.00 -18.00 цаг хүртэл, супермаркет, хүнсний томоохон худалдааны төв, дэлгүүрийн
ажиллах цагийн хуваарийг өдөр бүр 08.00 - 20.00 цаг хүртэл ажиллуулах,
-Архи согтууруулах ундаа худалдан борлуулах түүгээр
үйлчлэх үйл ажиллагааг өдөр бүрийн 15.00 цагаас хойш хязгаарласан хугацааг тус тус
хэвээр үргэлжлүүлэхээр боллоо.