Хөл бөмбөгийн мэргэжлийн тоглогч Г.Ганбаяр 100 мянган еврогийн гэрээ байгуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-02-01 15:00:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн мэргэжлийн хөл бөмбөгчдийн зах зээл дээрх үнийг шинэчлэн гаргасныг Transfermarkt.com сайтад мэдээлсэн байна.


Уг жагсаалтад Пушкаш академид суралцаж, мэргэжлийн тоглогчийн гэрээ байгуулсан Ганболдын Ганбаяр багтлаа хэмээн Монголын хөл бөмбөгийн холбооноос онцлов. Түүний зах зээлийн үнэлгээг 100 мянган евро буюу 345 орчим сая төгрөгөөр тогтоожээ.


Монголын хөл бөмбөгийн холбоо болон Пушкаш академийн хамтын ажиллагааны зэрэгцээ тухайн тамирчны нөр их хичээл зүтгэлийн үр дүн дэлхийн хөл бөмбөгийн ертөнцөд ийнхүү үнэлэгдэж эхэллээ.



Монголын хөл бөмбөгчдөөс олон улсад үнэлэгдсэн анхны тоглогч нь Үндэсний шигшээ багийн ахлагчаар тоглож байсан, өдгөө “”Атлетик 220” багийн дасгалжуулагчаар ажиллаж байгаа Б.Гарьдмагнай юм. Түүний зах зээлийн үнэлгээ 25 мянган евро буюу 86 орчим сая төгрөгөөр 2009 онд үнэлэгдэж байжээ.


Ташрамд дуулгахад, Монголоос Унгарын "Пушкаш академи"-д одоогоор Дэрэн клубийн тамирчин Г.Дөлгөөн, Би Си Эйч Лионс клубийн тамирчин Х.Чингүүн нар суралцаж байгаа юм.

Связанные новости