Арвайн гурилыг уламжлалт аргаар үйлдвэрлэгчидтэй уулзлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-02-04 16:10:40

Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 2-ны өдөр аймгийн Засаг дарга Ч.Чимэд Тариалан суманд ажиллах үеэрээ нутгийн брэнд арвайн гурилыг уламжлалт аргаар үйлдвэрлэдэг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа.

Энэ үеэр тэрбээр аймгийн Брэндийн зөвлөлийн баримталж байгаа бодлого чиглэлийг танилцуулж, хэрхэн үр дүнтэй хамтарч ажиллах талаар хэлэлцүүлэг өрнүүлсэн. Тариалан сумын жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийн тулгамдаж буй асуудал, давуу, сул талаа мөн хэлж, орлогыг нэмэгдүүлэх зорилгоор зөв чиглүүлээд өгвөл арвайн гурил хийх олон жилийн уламжлалт арга ухаан, ажиллах хүчин, үржил шимт хөрс, өөрсдийн хүсэл тэмүүлэл бүгд байгааг энэ уулзалтын үеэр онцоллоо.

Сонирхуулахад, Тариалан сумын арвай тариалагчид жилдээ 340 тн орчим арвай хураан авдаг бөгөөд 200 орчим тн арвайн гурил үйлдвэрлэдэг байна. Тус сумын арвай тариалалт, боловсруулалт нь 1640 оноос хойш уламжлагдан ирсэн өвөрмөц технологитой, газар зүйн онцлог бүхий бүтээгдэхүүн юм. Энэ нь бусад ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс ялгарах онцлогтой бөгөөд энэ байдлыг нь хэрэглэгчдэд таниулах замаар үнэ цэнд хүргэж, үйлдвэрлэгчдийн орлогыг өсгөх өргөн боломж байгаа аж.

Связанные новости