Сум хөгжүүлэх сангаас авсан зээлээ төлөхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Аймгийн
хэмжээнд Сум хөгжүүлэх сангийн зээлийн үлдэгдэл 2020 оны жил эцсийн байдлаар
4,1 тэрбум төгрөг байсан аж. Үүнээс 1,9 тэрбум төгрөгийн зээл хугацаа
хэтрэлттэй байгаа тул хугацаа хэтрэлттэй зээлдэгч нар 2021 оны 2-р сарын 25-ны
өдөр хүртэл зээлээ төлж дуусгахыг аймгийн ХХААГ-аас анхааруулж байна.
“2021 оны 3-р сарын 1-нд улс орон даяар Сум хөгжүүлэх
сангийн зээлийн мэдээллийг Монгол банкны мэдээллийн сантай холбохоор болсон тул
тус сангаас зээл авсан харилцагчид зээлийн эргэн төлөлтөө яаралтай төлөх
хэрэгтэй байна. Хэрвээ энэ хугацаанд амжиж төлөхгүй бол Монгол банкны
мэдээллийн санд зээлийн муу түүхтэйгээр бүртгэгдэж, уг мэдээлэл нь таван жилийн
хугацаанд хадгалагдана.
Монгол банкны зээлийн мэдээллийн санд тухайн харилцагч чанаргүй
муу зээлдэгчээр бүртгэгдсэнээр банк, хадгаламж зээлийн хоршоо, ББСБ зэрэг
санхүүгийн байгууллагаас зээл авах боломжгүй болно. Мөн Сум хөгжүүлэх сангаас
зээл авсан иргэд гэрээний хугацаандаа мөнгөө төлөөгүйгээс сангийн мөнгө
эргэлтэд орохгүй, бусад зээл авахыг хүссэн жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн
боломжийг хязгаарладаг” хэмээн аймгийн ХХААГ-ын дарга С.Цолмон хэллээ.