Элгэн усны хиргисүүр

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.gov.mn
2021-02-08 12:56:03

Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Баян сумын нутагт орших Элгэн усны хиргисүүр булш оршуулгын дурсгал, Тахилгын байгууламжийг аймгийн ИТХ-ын 17-р хуралдааны 3 дугаар тогтоол 2020 оны 7 дугаар сарын 2-ны өдөр сумын хамгаалалтад авчээ.

Хиргисүүрийн түүхэн эрин үе нь хүрлийн үеийн оршуулга, тахилгын цогцолбор байгууламж бөгөөд он цагийг НТӨ II мянганы төгсгөлөөс НТӨ I мянганы эхний хагаст холбогдуулдаг аж.

Тус хиргисүүр нь овгор чулуун дараас түүний гадуур байх дөрвөлжин болон дугуй хүрээ, үүнийг дагалдсан том жижиг хэлбэр хэмжээтэй чулуун дагуул байгууламжуудаас бүрдэнэ. Хиргисүүрийн гол овоолго буюу хүрээний дотор талд байрлах чулуун дараас зайлшгүй байх үндсэн элемент юм. Энэ нь 0,5-5 м өндөртэй, 5-50 м голчтой бөмбөгөр чулуун овоолго аж. Энэ дараасны дор эртний газрын түвшинд хүнээ толгойгоор нь баруун зүгт чиглүүлэн тэнэгэр байдлаар оршуулан тавьж, дээр нь том хавтгай чулуугаар хайрцаг байгуулаад үүнийхээ дээрээс том жижиг чулуугаар дарж босгосон байдаг. Гол овгороос хүрээ хүртэл татсан чулуун эгнээнүүд элбэг тохиолддог. Энэ нь нарны цацрагийг, ертөнцийн зүгийг төлөөлсөн болно. Хүрээг томоохон чулуудыг зэрэгцүүлэн өрж, дугуй, дөрвөлжин хэлбэр гарган үйлдсэн байдаг.

Уг Элгэн усны хиргисүүрийн гэрэл зургийг 2020 онд Э.Оюун буулгасан хэмээн аймгийн Музейгээс мэдээлэв.

 

Связанные новости