С.Цолмон: Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-02-09 18:04:23

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын даргаар томилогдоод удаагүй байгаа Санжийн Цолмонтой цөөн хором хөөрөлдлөө. 


-Хулгана жил аймгийн хөдөө аж ахуйн салбарт хэр ээлтэй байв?

-Өмнөх жилүүдтэй харьцуулбал хулгана жилийн өвөл өнтэй сайхан өнгөрч, урин хавартай золгох гэж байна. Аймгийн нийт нутгаар цас бага орсон нь мал аж ахуйн салбарын өвөлжилтөд сайнаар нөлөөлсөн. Энэ өвөл малын хорогдол харьцангуй бага, нийт 128 толгой мал хорогдсон бөгөөд өвөлжилт хүндэрсэн сум байхгүй. 

Хаврын тариалалт Баруунтуруун, Тариалан, Улаангом зэрэг тариалалтын бүс нутгийг түшиглэн 25.2 мянган га-д хийж 32,2 мянган тн үр тариа хурааж авсны 31 мянган тн нь улаан буудай байна. Мөн 520 га-д чацаргана тариалж, 628 тн жимс хураан авсан. 

Мал аж ахуйн салбарын хувьд Увс аймгийн мал сүрэг дөрвөн төрөлдөө өслөө. Нийтдээ 3 сая 409 мянга гаруй толгой мал тоолууллаа. Тэс, Наранбулаг, Өндөрхангай, Өмнөговь, Улаангом сум малын тоогоороо аймагтаа тэргүүлсэн статистик мэдээ гарсан. 

Сар шинийн өмнө уламжлал ёсоор салбар салбарын аварга, тэргүүнүүд тодорч байна. Үүнтэй холбоотойгоор цаашид аварга, тэргүүнийг шалгаруулах журмыг өөрчлөх ёстой гэж үзэж байгаа. Хөдөөгийн нэг  багаас нэг л аймгийн аварга малчин тодруулдаг байдлыг халж, мал ихтэй сумдаас аймгийн аварга малчдыг олноор нь төрүүлэх жишиг тогтоох ёстой. Тухайлбал, 280 мянган малтай сумаас хэдэн ч аймгийн аварга малчин тодрох боломжтой гэсэн үг. Энэ асуудлыг Сар шинийн баярын дараа ярилцаад сумд руу санал хүргүүлнэ. 

-Мал төллөлтийн бэлтгэл ажил хангагдаж байгаа юу?

-Энэ жилийн мал төллөлтийн бэлтгэл ажил хангагдаж байна. Улсын нөөцөд 500 тн өвс, 100 тн тэжээл байгаа. Баян-Өлгий аймгаас 200 тн өвс нийлүүлэхээр болсон. Мөн энэ жил Улсын тэргүүний Бөхмөрөн сумын нөхөрлөл, хоршоо, хувь хадланчид гэх мэт нийтдээ 300 орчим залуучууд өвлийн турш хадлан хадаж байгаа. Тэд одоогоор 150 мянга гаруй пресс бэлтгэн аймагтаа болон Баянхонгор, Говь-Алтай, Өвөрхангай зэрэг аймаг руу нийлүүлээд байна.

-Цар тахалтай холбоотой тулгадсан ямар асуудал байна вэ?

-Цаг үеийн хувьд нэн түрүүнд шийдвэрлэх шаардлагатай ажил бол хойд хилийн цаана гацсан хүнс, тэжээлийг яаралтай оруулж ирэх асуудал үе шаттай яригдаж байна. Тэжээл 1570 тн, гурил 570 тн, мөн бензин шатахуун, хүнсний зүйлс ачсан автомашинууд өвлийн турш хилийн цаана хүлээж байгаа. Цар тахлын үе хэдий ч эрсдэлгүйгээр шийдэж, хилийг түр нээх асуудлыг энэ сарын 4-ний өдөр болсон яамныхаа цахим хурал дээр хөндөж тавьсан. Мөн Шадар сайдад хүсэлт хүргүүлсэн боловч засаг солигдоод шийдвэрлэлт удаашралтай байна. Энэ асуудлыг аль болох шуурхай шийдвэрлэмээр  байгаа.

Тэрчлэн яамны цахим хурлын үеэр үрийн буудайны асуудлаар танилцуулга хийсэн. Баруунтуруун суманд 1000 тн үрийн буудайны нөөц байгаа бөгөөд одоо зэх зээлд нийлүүлбэл килограммыг нь 650 төгрөгөөр өгөхөд бэлэн байна. 

-Ирэх дөрвөн жилд аймгийн хөдөө аж ахуйн салбарт томоохон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжихээр болсон. Энэ талаар та ямар санал бодолтой байна вэ?

-Аймаг хөгжүүлэх /2020-2025 он/ таван жилийн үндсэн чиглэл болон Увс аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хөдөө аж ахуйн салбарыг бодлогоор дэмжсэн олон ажил тусгагдсан. Мөн Дэлхийн байгаль хамгаалах сан, Дэлхийн зөн олон улсын байгууллагаас төсөл, хөтөлбөрүүд хэрэгжинэ. 

Увс аймгийн хөгжлийн ойрын болон урт хугацааны бодлогын баримт бичгүүдийн хүрээнд "Шинэ Хөдөө-Увс" төслийг хэрэгжүүлэхэд иргэн бүрийн үүрэг оролцоо хамгаас чухал байна. Энэ хүрээнд Баруунтуруун, Тариалан, Улаангом суманд гурилын үйлдвэр байгуулах асуудал яригдаж байгаа. 

Манай аймаг энэ жил 31 мянган тн үр тариа хураан авсан хэрнээ дотооддоо гурил, тэжээлээ далайцтай үйлдвэрлэхгүй байна. Бид Оросоос гурил, тэжээл авах бус өөрсдөө үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. 

Саяхнаас ингэний сүүг Улаанбаатар хот руу нийлүүлж эхэллээ. Удахгүй ямааны сүүг малчны хотноос хот руу нийлүүлэх замаар малчдын орлогыг нэмэгдүүлнэ. Мөн чацарганыг хуурайшуулан савлаад дэлхийн зах зээлд гаргах боломжийг эрэлхийлж байна. 

Ирэх дөрвөн жилд хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний зах зээлийг өргөжүүлж, иргэдийн ашиг орлого, ажлын байрыг нэмэгдүүлэхэд аймаг орон нутгийн зүгээс онцгой анхаарч ажиллана.  

-Миний асууж амжаагүй, таны хэлэхийг хүссэн зүйл юу байна вэ?

-Ер нь бол ард иргэдийг зөв удирдаж, дэмжиж ажиллавал ямар ч ажлын үр өгөөж асар их байдаг гэдгийг олж харлаа. Тодруулбал, Тариалан сумын иргэдийг хуримтлалтай болгох, санхүүгийн мэдлэгийг нь өргөжүүлэх зорилгоор 2018 онд хадгаламж зээлийн хоршоо байгуулсан. Тус хоршоо одоогоор 264 гишүүнтэй болсон бөгөөд 2019 онд 3 сая төгрөгийн цэвэр ашигтай ажилласан. Тэгвэл 2020 онд 10 сая төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, нийт гишүүддээ хувь хүртээлээ. Сумдад ийм хоршоодыг байгуулвал үр өгөөжтэй юм шиг санагдсан.

Аймгийн хөдөө аж ахуйн салбарт хийж хэрэгжүүлэх шаардлагатай ажлууд, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхийн төлөө миний бие хичээл зүтгэл гарган ажиллах болно. 

 Увс нутгийн зон олон минь үхэр жилдээ арвай тариа нь ургаж, адуу мал нь өсөж, ашиг орлого нь нэмэгдэж, алтан шар зам нь ивээж, айл хотлоороо аз жаргалтай, амар амгалан байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

-Танд баярлалаа.

Связанные новости