"Рио-2016" олимпийн цомыг анхлан гардсан ИТХ нөхөрсөг тэмцээн зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД"Рио-2016" олимпийн цом Дорнод нутгаас эхлэн аялж, “салхийг хагалж” анхны гардаж авсан байгууллага нь аймгийн ИТХ юм. ИТХ-ынхан цомыг гардаж авсны дараа аймгийнхаа сэтгүүлчдийг нөхөрсөг тэмцээнд урьж, спортоор дамжуулан олимпийг олон түмэнд сурталчлах ажлыг зохиов.
Энэ үеэр аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Р.Зоригтбаатар хурлын ажлын албаныхан нэг өдрийн цалингаа олимпод оролцож байгаа тамирчдад хандивлаж байгаагаа дуулгалаа.
Нөхөрсөг уулзалт-тэмцээний үеэр оролцогсод олимпод оролцох эрхээ гардаад байгаа нутгийн хүү Олон улсын хэмжээний мастер, Азийн аварга Д.Отгондалай, хөнгөн атлетикийн шигшээ багийн тамирчин, Олон Улсын мастер Баярцогтын Мөнхзаяа нарт их амжилтыг хүсч, олимпийн тэнгэрт Монгол Улсынхаа далбааг мандуулна гэдэгт итгэл төгс байгаагаа илэрхийлж байсан.
"Рио-2016" цом Дорнод аймгийн төр, олон нийтийн байгууллагуудаар цааш дамжин аялах юм.
Б.Туяа