"Халзан"-г хар даа...

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-02-11 11:33:05

Булган /МОНЦАМЭ/ - “Аймгийн аварга малчин өрх”-өөр шалгарсан Алимаатай Энхбаяр гэж хэн бэ?

- Халзан шүү дээ.

- Айн?!... гэсэн яриа сум даяараа тархжээ. Гайхахаас аргагүй гайхалтай амьдрал гэмээр юм. Бага байхад нь өхөөрдөн өгсөн хоч “Халзан”-гаараа дуудуулан нэрээ мартсан Энхбаярын зүггүйг нь гайхаж “хүн болохгүй” гэж толгой сэгсэрдэг байлаа.

Сүүний фермийг донсолгосон “цуутай” дүрсгүй нэгэн. Бух мөргөлдөхөд “Халзан хаана байна” гэж уулга алдуулна. Адуу, мал үргээж, айлын тугалын зээл тасдуулах, морины уяа авахуулах зэрэг хэрэг тарихыг өлхөн хийдэг сийхгүй толгой байлаа. Сургуульд ороод ч сахилгагүйтэж, хоёр давхрын шалыг дэвслэн доод ангийн таазны шохойг унагасан хэргээр “энэ хүүхдийг эцэг эх нь дийлдэг юм байгаа биз” хэмээн сургуулиас “хөөгдөж” үзсэн.

Эрийн дансанд ороод ээжтэйгээ мал маллаж эхэлсэн гэдэг. Саалийн фермд 25 үнээ сааж, төлөвлөгөө норм биелүүлэхийн төлөө эрлийз үнээний том хөхийг базалсаар байгаад бяд суусан хэмээн “савар” шиг том гарынхаа алгыг дэлгэн инээнэ.  Эхнэр авч хэдэн малаа эргэлдүүлж явтал 2002 оны зуднаар ихэнхийг нь “тонгойлгож”, төв бараадсан аж.

         “Суурин газар сонгосон  дүү хүү чинь сураагүй юм байхгүй болсон. Архийг ч ууж сурсан” гээд тас тас хөхөрнө. Тэрээр сумын төвд суурьшаад амьдрах гэж янз бүрээр үзжээ. Өвс хадаж, түлээ бэлтгэн зарж байж. Айлын мод хөрөөдөж архиар төлбөр авч хөрөөгөө чирчихсэн согтуу явсан удаа олон бий. ТҮЦ ажиллууллаа. Түүнийгээ дэлгүүр болгож өргөтгөж худалдаа эрхлэв. Тэгснээ жолооч болж таксинд хэсэг шуугилаа. Бас л биш. Барилгачин болж байшин барьж үзэв. Алтны “нинжа” ч хийж амжлаа.

            - Ах минь! Азарга адуугаар долоо хоног л архи уудаг юм билээ гэж сууна.

            Халзанг хорвоог олж гишгэхгүй шахам явахад түшсэн Алимаа үнэхээр амьдралын сайн хань, гэрийн эзэгтэй.

Охиноо төрөх үед шөлний хоньгүй байсандаа гэмшиж гэнэт малчин болохоор шулуудсан аж. Тэр жил 2012 он байжээ. Энхбаярынх гэдэг өрхийн малын “А” данс бараг “улайсан” байв гэнэ.

             Түүнээс хойш гэр бүлийн хоёр малаа өсгөхийн төлөө зүтгэсэн аж. Мал маллахын хажуугаар гэрийн хана, тооно, тавилга хийж малаар худалдана. Тэдний мал жилээр биш сар, хоногоор өссөн гэхэд хилсдэхгүй санагдана. 2016 онд сумын аварга малчин цол хүртлээ. Түүнээс хоёрхон жилийн дараа мянган мал тоолуулав. Амсхийх завгүй ажиллаж хоттой хонио харахаар унтахаа мартдаг юм билээ гэсэн сэн. Зуны өглөө эртлэн босож, хоёулаа гэрийн хана үдэж дуусгаад мотоциклд дүүрэн айлд аваачиж өгч хониор сольж сүргээ өсгөдөг байж. Тэр ч бүү хэл зарим малаа жилд хоёр удаа төллүүлж ч үзсэн гэнэ.

            Энхбаярын хувьд  ингэж хөдөлмөрлөх, малч ухаан бас удмынх гэж болно. Түүний өвөг эцэг Монгол Улсын хөдөө аж ахуйн хөдөлмөрийн ууган баатар Зундуйн Очир гэж хүн байсан юм. Өвөөтэйгээ мал маллаж үзээгүй ч мал маллагааны арга ухааныг заасан номыг нь уншин амьдралдаа хэрэгжүүлэхийн төлөө зорьж явна.

            Малыг отроор таргалуулах, эх мал төлийг эхлээр нь бойжуулах туршлагыг өвлөн эзэмшиж, төлөө жил бүр 90-100 хувь бойжуулж байна. Үзэмчин омгийн хуц, Эрчмийн хар ухна, “Сэлэнгэ” үүлдрийн үхрээр мал сүргээ сайжруулжээ. Өвөлжилтийн бэлтгэлийг ян тан хангаж, хүрэлцээтэй өвс, тэжээл авдаг малчдын нэг эднийх. Жил бүр 130 гаруй тонн хадлан бэлтгэдэг.

            - Малын буян шиг сайхан юм байхгүй. Ээ мөн ч сайхан шүү. Өвөл цагийн малыг нээх их явуулаад байх хэрэггүй. Бэлчээрээ сонгох хэрэгтэй. Сүргийнхээ идэш авч чадаж байна уу гэдгээ малаа дагаж явсан хүн л харна. Одоо цагт малын бэлчээр тийм сайхан биш болчихлоо. Малчин хүн өөрөө л зохицуулж явах болж байна.

Өвөөгийн номд бичсэн мал таргалуулдаг шим тэжээлтэй ургамал одоо алга болсон байна. Бэлчээрийн доройтол их болжээ. Эзэн хүн өөрөө л хичээж малаа маллахгүй бол болохгүй болж байна даа хэмээн алдарт хоньчин баатрын ач хүү өгүүллээ. Тэд өвөг дээдсийн нутаг Баян овоот, Жаргалант хайрхан, Өгөөмөр, Дархан хан, Даш лүн зэрэг уулс усаа тахин шүтэж, байгаль орчноо хамгаалах үйлсэд чин сэтгэл гаргадаг залуус.

Хотгүй отор хийх, төлөө эхлээр бойжуулах аргыг үр бүтээлтэй ашигладаг малчны нэг гэж сумын мал эмнэлэг үржлийн тасгийн  дарга П.Отгончимэг ярьж байна. Сургууль, цэцэрлэг гээд нийгмийн салбарт чамгүй хөрөнгө оруулалт хийж, зарим өрхийг 380 шахам мал өгч малтай болгожээ. Сумын начин цолтой бөхийн хувьд спортын үйл ажиллагааг сонирхлынхоо дагуу бас ивээн тэтгэнэ.

Энхбаяр гарын ур дүйтэй нэгэн. Микро автобусыг өөрчлөн отрын сууц бэлтгэж зундаа оторлоно. Хаваржаандаа нүүдлийн сууцтай.

            - Хаврын сар гарлаа. Малчдын малаа төллүүлэх их ажил эхлэх нь дээ гэвэл,

            - Бид хоёрын хувьд хамгийн сайхан үе байдаг. Хоёр, хоёр цагаар ээлжлэн унтаж төлөө эсэн мэнд бойжуулж авна. Сэрэх тоолонд сүрэг минь өсөж байхад сайхан байлгүй яахав гэж эхнэр Баярсайханы Алимаа хэлсэн.

            “Нойрыг унтаж биш, сэрж бардаг” гэсэн алдарт хоньчин баатар өвөөгийнхөө хэлснээр цаг наргүй хөдөлмөрлөж яваа Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Жаргалант багийн малчин Г.Энхбаяр, эхнэр Б.Алимаа нарт бас нэгэн шинэ зорилго бий. Монгол Улсын хөдөө аж ахуйн хөдөлмөрийн ууган баатар З.Очирын нэрэмжит аймгийн хүндэт шагналын эзэн болохын төлөө хичээнэ гэж хэлнэ билээ.

“Халзан”-г хар даа... гэж бахархах хүн олон бий. Аргагүй биз. Сумын төвд шуугиулж явсан эр арав хүрэхгүй жилд мянган мал хотлуулж, аймгийн аварга болжээ.

            Хүн өөрийгөө ялан дийлэх, тэвчээртэй, шургуу хөдөлмөрч байх ямар сайхан үр өгөөж хүртдэгийн үлгэр энэ ээ. 

Связанные новости