Шаардлагатай чиглэлүүдэд иргэдийг сургаж, ажлын байраар хангана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-02-19 18:26:10
Баянхонгор /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан өнөөдөр аймгийн ХХҮГ-т ажиллалаа.
Баянхонгор аймаг 2021 онд аймгийн төвийнхөө өнгө төрхийг өөрчлөхөөр нийтийг хамарсан хот тохижилтын томоохон ажлыг /нийтийн эзэмшлийн зам талбайг өөрчлөх шинэчлэх, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэн ихээр нэмэгдүүлэх, гэрэлтүүлгийн цогц шийдэл/ эхлүүлэхээр төлөвлөөд буй. Энэ хүрээнд ХХҮГ-ыг ажилгүй иргэдийг хөдөлмөр эрхлүүлэх, сургалтаар хангах тал дээр уялдаж үр нөлөөтэй хамтран ажиллах чиглэлийг Засаг дарга өгөв.
Аймгийн төвд өрнөх хот тохижилтын ажилд нийтийг хамруулснаар Баянхонгор аймгийн 2000-3000 иргэн ажлын байртай болох төлөвлөгөө гараад байгаа. Энэ хүрээнд иргэдийг тохижилтын ажилд шаардлагатай гурван чиглэлд мэргэшүүлэх буюу явган зам тавих, зүлэг ногоо тарих, цахилгаанчнаар сургахад ХХҮГ-ыг сургалтаа чиглүүлэн ажиллахыг хүссэн юм. Ингэснээр иргэдээ хавтгайруулан халамжлах биш, ажил орлоготой болгохын зэрэгцээ төрөлх нутгийнхаа өнгө төрхийг өөрчлөх бүтээн байгуулалтад гар бие оролцох боломжийг хангаж байгаа аж.
Энэ хавар дээрх гурван чиглэлээр ажилгүй, орлогогүй иргэдээ мэргэшүүлснээр гэрээ байгуулж, хөдөлмөрөө хорших зохион байгуулалтад оруулан улмаар тус тусын бригад хэлбэрээр ажил хариуцуулан гүйцэтгүүлэхээр болжээ.
Связанные новости