Тэтгэврийн нэмэгдлээ авахад нэмэлт баримт шаардахгүй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2016-06-10 14:46:20
oyuka_hu@yahoo.com

Орхон аймагт тэтгэвэр авдаг 7000 гаруй ахмад бий. Тэд энэ сарын нэгнээс нэмэгдсэн 21 мянган төгрөгөө авахдаа ямар нэг нэмэлт бичилт хийлгэх шаардлагагүй, шууд банкнаас авна.

Засгийн газрын ээлжит хуралдаанаар тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэнтэй холбоотойгоор Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа болон Цэргийн алба хаасны тэтгэврийг 21 мянган төгрөгөөр нэмэгдүүлэхээр болсон. Ингэснээр тэтгэврийн доо хэмжээ 251 мянга, хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 216 мянган төгрөг болж байна. Мөн Нийгмийн халамжийн тэтгэврийн хэмжээг энэ сарын нэгнээс эхлэн сард 140 мянга, асаргааны тэтгэврийн хэмжээг сард 64 мянган төгрөг байхаар тогтоолоо. Өөрөөр хэлбэл, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг 10 орчим хувиар нэмэгдүүллээ.

Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрт “Тэтгэвэр тэтгэмжийн хэмжээг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж, 2016 онд дундаж тэтгэврийг 300 мянган төгрөгт хүргэх”-ээр туссан. Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн хэмжээг Засгийн газрын 2014 оны 15, 2015 оны 52 дугаар тогтоолоор 20-22 мянган төгрөгөөр нэмэгдүүлж байсан юм.

Б.Оюун-Эрдэнэ

Связанные новости