С.Удаанжаргал: Бүх ажил хуулийн дагуу ил тод, нээлттэй байх хэрэгтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-02 17:29:54

Увс /МОНЦАМЭ/. Аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргалтай ярилцлаа. Тэрбээр сумандаа 21 жил тасралтгүй математикийн багшаар ажилласан бөгөөд өдгөө Баруунтуруун сумын анхны эмэгтэй Засаг даргаар томилогдон ажиллаж байна. 


-Танай суманд хаваржилт хэр байна вэ?

-Энэ жил Туруун нутагт маань цас бага орж, дулаахан, өнтэй өвөл боллоо. Жил нь тогтуун сайхан болохоор хүн, малгүй тэнүүн сайхан өвөлжиж, хаврын эхэн сартай золгоод байна. Газар харлах хүртэл хугацаа байгаа ч өмнөх жилүүдийг бодвол эрт хавар ирэх бололтой.

-2020 оны орон нутгийн сонгуулиар Баруунтуруун сумын ард иргэд танд том итгэл хүлээлгэсэн. 

-Би сумандаа 21 жил математикийн багшаар ажилласан. Өнөөдөр эргээд бодоход өөрийгөө аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Сумын засаг дарга гэх хариуцлагатай албыг хашина гэж төсөөлөөчгүй явлаа. Өмнөх ажлаа чин сэтгэлээсээ хийж, үр дүнд нь сэтгэл хангалуун амьдарч ирсэн. 2020 оны орон нутгийн сонгуулийн өмнө Ардчилсан намын нөхөд сонгуульд нэрээ дэвшүүлэхийг санал болгоход өөрийгөө чамлаж байлаа. Харин одоо Турууныхан намайг дэмжиж, их итгэл хүлээлгэсэн болохоор сэтгэл зүрхээ зориулан ажиллахаас өөр аргагүй ээ. Олон ч хүн сум орноо удирдах үүрэг даалгавар, захиас өгсөн. Тэр болгоныг мартахгүй санаж, хичээж ажиллах болно.

Ер нь бол хийхээр төлөвлөсөн ажлынхаа хүрэх түвшинг маш өндөр төсөөлж байгаа. 

Манай нутгийн байгаль, цаг уур нь тааламжтай, газрын хөрс нь арвин шимтэйгээс гадна маш их хөдөлмөрч ард иргэдтэй. Ийм их өгөгдлүүд дээр би залруулах зүйлийг нь залруулаад зөв голдиролд нь оруулаад явбал ард түмний амьдрал аяндаа сайжирна, хөгжил дэвшил ирнэ гэж боддог. Хамгийн гол нь бүх ажил хуулийн дагуу ил тод, нээлттэй байх хэрэгтэй. Дээр нь ард иргэдийг ялгаварладаг үйлдлийг таслан зогсооно.

-Сумандаа хийж хэрэгжүүлж байгаа шинэлэг ажил юу байна?

-Сумынхаа хөгжлийн төлөвлөгөөг таван жилээр нь төлөвлөн ажиллаж байна. Энэ хүрээнд салбар бүрийг дэмжих зөвлөлүүд байгуулж, ажлын төлөвлөгөөгөө гаргасан. Ажиллах ерөнхий зарчмаа ярья гэж бодож байна. Жишээ нь: Үйлдвэрлэлийг дэмжих зөвлөл байгуулсан бөгөөд тэд нутгийн брэндийг бий болгоход чиглэж, ямар үе шаттай, ямар үйлдвэрлэлийг нэн тэргүүнд дэмжих боломжтойг судлан ажиллаж байна. Манай сумын үндсэн үйлдвэрлэл бол газар тариалан. Энэ салбарыг дэмжих зөвлөл нь салбарынхаа хөгжлийг тодорхойлж, хийх ажлуудыг төлөвлөсөн. Томоохон ажлаас нэрлэвэл гурил, тэжээлийн үйлдвэрийг ирэх дөрвөн жилд барихаар төлөвлөсөн. Иргэд, өрх, аж ахуйн нэгж, байгууллагуудын үндсэн үйл ажиллагааг төлөвлөгөөний дагуу урагшлуулахаас гадна тэдгээрийн нийгмийн хариуцлагыг нь дээшлүүлэхэд онцгой анхаарах болно. Үүний гол зорилго бол иргэд, аж ахуйн нэгж, байгууллага, малчид тариаланчид хоорондоо зохицон амьдрах, бие биенээ хүндэтгэх, салбар бүрийн уялдаа холбоог хангахад чиглэж байгаа. Мөн байгаль орчноо хамгаалах, хууль дүрмийг сахин биелүүлэх, улсын хөрөнгөөр хийсэн өмч хөрөнгийг хамгаалах, нэг нэгэндээ туслах, дэмжих, эрүүл мэндээ хамгаалах, сурах, хөгжих, уламжлалт соёл, ёс заншлуудыг өвлүүлэн үлдээх, дагаж мөрдөх тал дээр Туруун нутгийн иргэн бүр санаачилгатай ажиллах болно. 

Манай суманд бусад аймаг, сумдаас ирж газар тариалангийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэд, аж ахуйн нэгжүүд нутгийн шимт хөрсийг ашиглаж байгаагийн хувьд Турууны ард иргэдийн өмнө хариуцлагатай байх ёстой гэж боддог. Тухайлбал, манай нутагт 500 га газар эзэмшээд тариа тарьсан бол тодорхой хэмжээний малчин өрхүүдэд 5 га-д тариа тарьж, хурааж өгөх, эсвэл ахмадуудыг рашаан сувилалд сувилуулах гэх мэт сонголт бүхий хариуцлагыг уяж өгч болох юм. 

Ажиглаад байхад манай нутгийн тариаланчид, иргэд сумын Онцгой комисст, ард иргэдэд хандив тусламж их өгдөг харагдсан. Ард иргэд ч гэсэн ажилтай, жижүүртэй нэгэндээ хоол цай бариад очдог бол хөдөөний малчид хөрөл түлшээ явуулах жишээтэй. Тэгэхээр нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн иргэн, байгууллагын хийсэн ажлыг бид эргээд олон нийтэд сурталчилж хариу барина. Ер нь цаашид “Айл нэгтийн амь нэг, саахалт нэгтийн санаа нэг” гэдэг шиг хот хороогоо хэн үлгэр жишээ цэвэрлэв, хэн хэдэн хүнд туслав, хэн хаана мод тарив гэдгийг олон нийтэд сурталчлахад анхаарч ажиллана. Энэ нь иргэдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэх нэг арга зам гэж харж байгаа. 

Манай нутагт тариалангийн газар олголт эмх замбараагүй болсон. Энэ бүхнийг цэгцлэх үүрэг надад оногдсон. Бүх газрыг олгосон байтал нутгийн иргэд газар авахыг хүссэн байдалтай. Ер нь нутгийн иргэдийнхээ хүсэлтийг үе шаттайгаар биелүүлэх бодолтой байгаа. Эцэст нь дөрвөн жилийн дараа гэхэд өрх бүрийг тодорхой хэмжээний газартай болгох л миний зорилго юм. 

-Ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааны хөтөлбөртөө тусгаж, хэрэгжүүлэхээр төлөвлөсөн томоохон ажлуудаасаа танилцуулаач?

-Нэн түрүүнд Туруун голын гүүрийг шинээр барих хэрэгтэй байна. Учир нь тус гүүрийг 20 жилийн өмнө мэргэжлийн хяналтын дүгнэлтээр ашиглах боломжгүй гэж тогтоосон ч шийдэгдээгүй өнөөдрийг хүрсэн. Энэ асуудлыг ажил хэрэг болгоно. Мөн сумын төвийн цахилгааны шугамыг шинэчлэх, гурил, тэжээлийн үйлдвэр барих гэх мэт томоохон ажлуудыг хийнэ. Салбар бүрийг жигд анхаарч ажиллах бодолтой байна. Цар тахал намжвал төлөвлөсөн ажлуудаа далайцтай хийж хэрэгжүүлээд явна.

-Баруунтуруун сумын онцлог нь юу вэ? 

-Баруунтуруун сум бол Увс аймгийн газар тариалангийн гол бүс нутаг. Нийтдээ 40 мянган га эргэлтийн талбайтай. Газар тариалангийн үйлдвэрлэл сүүлийн жилүүдэд хөгжиж байна. Ирэх жилүүдэд тус салбарт илүү тодорхой дэвшлүүд гарна гэж харж байгаа. Мөн хамгийн том баялаг бол хөдөлмөрч, бүтээлч, оюунлаг ард түмэн. Түүнчлэн хангай, говь хосолсон байгалийн сайхан тогтоцтой. Төрийн үйлчилгээний байгууллагуудаас гадна тусгай чиг үүргийн гурван ч байгууллага байна. Энэ бүгдийг дагасан соёл, дэвшил их бий. 

-Гэр бүлээ танилцуулаач?

-Би Баруунтуруун сумандаа тариаланч аав, ээжийн ууган охин болж төрсөн. Аав маань Намчины Самбуу, ээж маань Наянбуугийн Даваасамбуу гэж хүмүүс байлаа. Аав, ээжээс бид зургуулаа. Би аравдугаар ангиа төгсөөд Ховдын багшийн дээд сургуульд суралцаж багш мэргэжил эзэмшин Туруун нутагтаа ирж ажилласан. Нөхөр маань Санжийн Элдэвсайхан гээд нягтлан бодогч хүн бий. Манайх хүү, охин хоёртой. Ам бүл дөрвүүлээ амьдардаг, жирийн л нэгэн гэр бүл байна. 

-Туруун нутгийнхаа ард иргэдэд хандаад та юу гэж хэлэх вэ?

-Нутгийн ард иргэддээ аль болох ойр байж, санаа бодлыг нь ажилдаа тусгаж ажиллахыг хичээж байгаа. Төрийн үйлчилгээг ойлгомжтой, тодорхой, нээлттэй байлгахыг зорьж байна. Төрийн үйлчилгээний байгууллагууд зан харилцаа, ёс суртахуун, шударга байдлаараа үлгэрлэгч байх ёстой гэх мэт шаардлагуудыг албан хаагчиддаа тавьж байгаа. Ажил хийхэд алдаа гарахыг үгүйсгэхгүй, олны нүд хамгийн зөв хардаг. Тэгэхээр манай төрийн байгууллагуудын талаарх засах, сайжруулах саналуудыг харамгүй хэлж байгаарай гэж иргэддээ захих байна. Та бүхний хэнийх нь ч өмнө манай төрийн албан хаагчид найрсаг, хөнгөн шуурхай үйлчлэх болно. Санал, шүүмжлэл, гомдол, хүсэлтээ утсаар, цахимаар, бичгээр, биечлэн гэхчлэн одоо цагт ямар ч хэлбэрээр өгөх боломжтой. Бид хүлээн авч шийдвэрлэхэд бэлэн байна.  

-Танд баярлалаа.

Связанные новости