Булган аймгийн нутагт бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагджээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган аймгийн бэлчээрийн 70 гаруй хувь нь талхлагдсан тул уламжлалт бэлчээрийн мал аж ахуйн арга барилаа боловсронгуй болгох шаардлага тулгарч байна. Энэ тухай тус аймаг т болсон "Залуу малчпын туршлага солилцох бүсийн зөвлөлгөөн"-ий үеэр ярилцлаа.
Монголын болон Булган аймаг дахь Улаанзагалмайн хороо, Булган аймгийн ЗДТГ, Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгуулсан зөвлөлгөөнд Булган, Дархан, Сэлэнгэ, Орхон аймгийн 200 гаруй малчин оролцлоо.
Мал аж ахуйн салбарын өнөөгийн байдал, тулгарч байгаа бэрхшээл хүндрэл, зах зээлийн нөхцөлтэй уялдуулан хэрхэн шийдвэрлэх арга замын талаар харилцан ярилцаж, түүнийг хэрэгжүүлэхэд төр засаг, орон нутгийн засаг захиргаа, мэргэжлийн байгууллага болон малчдын ажиллагааг хэрхэн идэвхижүүлэхийг шийдвэрлэх зорилгоор энэхүү зөвлөлгөөнийг зохион байгуулжээ.
Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт манай оронд хүчтэй нөлөөлж, хуурайшилт ихэсч, мал сүргийн оршин тогтнох үндэс болсон бэлчээрийн ургац буурч, ургамлын зүйлийн бүрэлдэхүүн цөөрч, тэжээллэг чанар нь муудсаар байгааг дарга, малчид аль аль нь хэлж байлаа. Манай аймаг 2,6 сая га бэлчээртэй бөгөөд 70 гаруй хувь нь талхлагдсан гэсэн мэргэжлийн байгууллагын судалгаа гарсан. Иймд мал аж ахуйгаа хөтөлж ирсэн уламжлалт арга барилаа боловсронгуй болгох, байгалийн эрсдлийг даван туулах, материаллаг баазаа бэхжүүлэх, малынхаа чанарыг сайжруулах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн зохистой бүтэц бүхий сүргийг үржүүлэх шаардлага тулгарч байгааг Булган аймгийн ИТХ-ын тэргүүлэгч Д.Батсайхан хэллээ. Залуу малчдын туршлага солилцох сургалт зөвлөлгөөнд Монголын улаан загалмайн нийгэмлэг ихээхэн ач холбогдол өгөн оролцлоо. Монголын улаан загалмайн нийгэмлэг өнгөрөгч өвөл өвөлжилт хүндэрсэн сумдад өвч тэжээл, бусад эд материалын тусламж үзүүлсэн бөгөөд манай аймгийн Тэшиг сумыг сонгон малчдын аж амьдралын судалгааг хийсэн байна. Цаашид ч малчдын ахуй амьдралд анхааран ажиллана гэдгээ МУЗНийгэмлэгийн ерөнхий нарийн бичиг дарга онцоллоо.
П.Батням