“Токио-2020” зуны олимпын наадмын Ажлын хэсгийн II хуралдаан болов
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Япон улсын Токио хотноо энэ оны 7 дугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-нд зуны XXXII олимп, 8 дугаар сарын 24-нөөс 9 дүгээр сарын 5-нд XVI паралимпын наадмыг тус тус зохион байгуулахаар товлосон билээ.
Энэхүү 2 наадамд Монгол Улсыг төлөөлөн оролцох үндэсний шигшээ багуудын бэлтгэл ажлыг хангах дэд Ажлын хэсгийн ээлжит II хуралдаан болж хэрэгжүүлсэн ажил болон цаашдын төлөвлөгөөний тухай хэлэлцжээ.
Ажлын хэсгийн даргаар БТСУХ-ны дэд дарга Ц.Одонбаяр, гишүүдээр БТСУХ, МҮОХ, Спортын анагаах ухааны эрдэм шинжилгээний төв /САУЭШТ/, МҮПХ-ны төлөөллөөс бүрдсэн 10 хүн ажиллаж байна.
Дэд Ажлын хэсгийн II хуралдаанаар МҮОХ-ноос олимпын наадамд баг тамирчдаа бэлтгэн оролцуулахтай холбоотой авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний мэдээллийг МҮОХ-ны дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар танилцуулсан. Тодруулбал олимп, паралимпын наадамд оролцох баг тамирчдын вакцинжуулалт, оролцогчийн квот болон тамирчдын хотхонд орох, гарах хугацааны мэдээллийг өглөө. МҮОХ-ноос УОК болон ЗГХЭГ-т хандаж баг тамирчдаа вакцинд хамруулах хүсэлт гаргажээ.
Харин БТСУХ-ны Үндэсний шигшээ
багийн бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Э.Билэгт цаг үеийн асуудлаар
мэдээлэл өгсөн юм. Үндэсний шигшээ багийн тамирчид Олон улсын хүүхдийн
Найрамдал төв болон “Техник спортын төв”
ТӨААТҮГ-т спортын 9 төрөлд /жүдо, чөлөөт бөх, бокс, пара жүдо, цана, пара цана,
таеквондо, пара таеквондо, ширээний теннис/ 24 дасгалжуулагч, 129 тамирчин, 2
эмчийн бүрэлдэхүүнтэйгээр 45 хоногийн нэгдсэн бэлтгэл цугларалтад хамрагдсан.
Бэлтгэл сургуулилтыг цар тахлын үеийн дэг журмыг чанд баримтлан 2 удаагийн PCR
шинжилгээний хариунд үндэслэн тусгаарлах
бүс тогтоон зохион байгуулжээ.
Олимпын эрхийн оноо
цуглуулах болон эрх олгох тэмцээнд оролцохоос шалтгаалж 3 дугаар сарын 1-нээс
зарим багийн бэлтгэл дуусаж “Техник спортын төв”-д спортын 6 төрөлд /хүндийг өргөлт, буудлага, пара буудлага, байт харваа, пара байт харваа, пара хөнгөн атлетик/ 12
дасгалжуулагч, 1 эмч, 41 тамирчин, нийт 54 хүний бүрэлдэхүүнтэйгээр бэлтгэлээ
үргэлжлүүлж байна.
Дэд Ажлын хэсгийн II хуралдаанд
чөлөөт, жүдо, байт харваа, хөнгөн атлетик, 3х3 сагсан бөмбөг, пара жүдо, бокс,
таеквондо, буудлага зэрэг спортын холбоодын төлөөлөл оролцож олимп, паралимп хүртэлх бэлтгэл
сургуулилтын үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар мэдээлэл, тайлбар
өгсөн юм.