Аймгийн арслангууд анх удаа түрүү булаалдав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТЧингэлтэй хайрханы хишиг барилдаан өчигдөр Монгол бөхийн өргөөнд болж Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Хилчин спорт хороо, Ховд дэвжээний бөх аймгийн арслан Б.Бат-Өлзий 8 даван түрүүллээ.
Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, Их богд дэвжээ, Мөнхийн үсэг группын бөх, аймгийн арслан Н.Золбоо үзүүрлэв. Тус барилдаанд Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр, улсын арслан Х.Мөнхбаатар, Н.Батсуурь, улсын заан Б.Соронзонболд, улсын харцага Б.Пүрэвсайхан, Ж.Амартүвшин, улсын начин Ж.Оргил, Р.Пүрэвдагва, Л.Гантулга, Ш.Тогтохбаяр, Ч.Батчулуун, А.Алтанхуяг, Э.Даш тэргүүтэй 224 бөх зодоглосон юм.
Их шөвөгт Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, Аврагч спорт хороо, Мондэй группын бөх, улсын аварга Г.Эрхэмбаяр, Архангай аймгийн Булган сумын харьяат, Алдар спорт хороо, Херо холдинг ХХК-ны бөх, улсын өсөх идэр начин Р.Пүрэвдагва нар шалгарсан.
Арван засгийн наадмыг орлох Дөрвөн уулын хишиг барилдааныг зохион байгуулах болсноор даруй 9 жил болжээ. Энэ хугацаанд аймгийн цолтой хоёр бөх түрүү булаалдсан тохиолдол байгаагүй юм.
Д.Өлзий