Аймгийн ихэнх нутгаар салхины хурд 14-25 м/с хүрч ширүүсчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-14-нд шилжих шөнө Увс аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурч, зарим газартаа 14-25 м/с хүрч ширүүссэн байна.
"Өнгөрсөн шөнө аймгийн нутгаар цасан болон шороон шуурга шуурч, салхины хурд зарим хэсэгтээ 10-20 м/с, түр зуур 14-25 м/с хүрч ширүүссэн. Нутгийн зүүн хэсгээр 0.0-1 мм цас орсон байна.
Энэ сарын 10-ны өдрөөс эхлэн 13-14-нд хүчтэй шороон болон цасан шуурга шуурах гэж байгааг манай байгууллага орон нутгийн хэвлэл мэдээллээр хэрэгслээр дамжуулан ард иргэдэд анхааруулсан. Мөн 200 гаруй хүний гар утас руу мессэж илгээсэн" хэмээн аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн Мэдээлэл үйлчилгээний хэлтсийн дарга М.Отгонхүү манайд мэдээллээ.
Хүчтэй шуурганы улмаас ОХУ-ын хилээс нааш 10 км-т өндөр хүчдэлийн шугамны тулгуур багана унаж Увс, Ховд, Баян-Өлгий аймаг өнгөрсөн шөнөөс эхлэн цахилгаан эрчим хүчээр тасалдаад байна.