Цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуур баганыг босголоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Энэ сарын 13-14-нд шилжих шөнө болсон хүчтэй шуурганы улмаас унаж гэмтсэн өндөр хүчдэлийн шугамыг сэргээн босгох ажил дуусах шатандаа ороод байна.
Өнөөдөр орон нутгийн 16.40 цагийн орчимд "Баруун бүсийн эрчим хүчний систем" ТӨХК болон "УВС Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн инженер, техникийн ажилчид цахилгаан дамжуулах агаарын шугамын тулгуурыг амжилттай босгосон байна.
Одоогоор травес угсрах ажил хийж байгаа бөгөөд үлдсэн ажлуудаа технологийн дагуу аюулгүй ажиллагааны заавраа мөрдөн үе шаттай хийх аж.
Салхинд унасан өндөр хүчдэлийн шугамыг сэргээн босгох ажил 2 дахь өдрөө ийнхүү үргэлжилж байна.
Уг шугам салхинд унаснаар Увс, Ховд, Баян-Өлгий аймгууд цахилгаан эрчим хүчээр тасалдаад байна. Эдгээр аймгуудын 1-р зэргийн хэрэглэгчдийг сүүлийн хоёр өдөр Дөргөний усан цахилгаан станц болон нөөц мотороор хангаж байна.