Төв аймагт хөл бөмбөгийн спорт амжилттай хөгжиж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-16 12:13:50

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 21 аймгийн хөл бөмбөгийн холбоодын түүх, үйл ажиллагааны талаар цувралаар танилцуулж байна.


Төв аймгийн Хөл бөмбөгийн холбоо 2013 оны 2 дугаар сарын 6-ны өдөр С.Ундрахбат, С.Ганболд, Г.Ганбаяр, Ш.Батмөнх, Д.Амаржаргал гэсэн 5 хүний бүрэлдэхүүнтэй үүсгэн байгуулжээ.


Тус аймгийн ХБХ-ны тэргүүнээр 2015 оноос С.Гантөрийг сонгосон бөгөөд 2019 оны ээлжит хурлаар түүнийг улираан сонгож, Удирдах зөвлөлийн гишүүдээр О.Дагвасүрэн, Б.Туул, Ш.Батмөнх, Б.Дөл, С.Ганболд, Г.Ганбаяр, А.Түвшинтөгс, С.Алтансүх, Д.Эрдэнэням нар сонгогджээ. Харин 2020 оны ээлжит хурлаар Төв аймгийн ХБХ-ны нарийн бичгийн даргаар С.Алтансүх томилогдон ажиллаж байна.


Төв аймгийн футзалны өсвөрийн улсын аваргаас 1 мөнгө, 1 хүрэл, футзалны идэрчүүдийн бүсийн аваргаас 1 алт, футзалны идэрчүүдийн үндэсний цомын аваргаас 1 хүрэл, насанд хүрэгчдийн футзалны үндэсний цомд 3 жил дараалан 4 дүгээр байр эзэлжээ. Мөн хөл бөмбөгийн насанд хүрэгчдийн үндэсний цомоос 1 хүрэл, насанд хүрэгчдийн үндэсний цомын доод шатанд 1 хүрэл медаль тус тус хүртсэн байна.


БНХАУ-ын ӨМӨЗО-ы Шилийн хотод зохион байгуулсан 1 зам 1 бүс тэмцээнд Төв аймгийн өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож, Хөлөнбуйр, Хайлаар хотод зохион байгуулсан Олон улсын цасны хөл бөмбөгийн анхдугаар тэмцээнд тус аймгийн насанд хүрэгчдийн шигшээ баг амжилттай оролцож хүрэл медаль хүртсэн юм байна.


2018 оноос эхлэн Төв аймгийн ХБХ-ны дэргэд Төв буганууд клубийг үүсгэн байгуулж, 2018 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсоноор 2019 оны үндэсний 1 дүгээр лигийн эрх авч, 2020 оны Үндэсний нэгдүгээр лигт амжилттай оролцож 4 дүгээр байрт шалгарсан.


Төв аймгийн ХБХ-ноос зохион байгуулсан онцлох бүтээлч ажлаас дурдвал, 2016 онд “FIFA Grassroots сургалтыг Төв аймгийн Зуунмод суманд амжилттай зохион байгуулж, 27 сум багш, дасгалжуулагчийг бүрэн хамруулсан байна.


Аймгийн хэмжээнд 2018 оноос эхлэн жил бүр 250 гаруй хүүхдийг хамруулан “Өсвөрийн лиг” тэмцээнийг уламжлал болгон зохион байгуулж байгаа юм. Монгол Улсын ерөнхийлөгчийн ивээл дор 2018 онд зохион байгуулсан “Үндэсний цом”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах ажлыг хүлээн авч амжилттай явуулсан юм.


Төв аймгийн өсвөрийн болон насанд хүрэгчдийн шигшээ багийг бэлтгэх стандартын шаардлагад нийцсэн жижиг, том 2 талбайг тохижуулсан. Мөн гадна талбайн шүүгчийн анхан шатны сургалтад 3 хүнийг хамруулсан.


Түүнчлэн Азийн хөл бөмбөгийн холбоо /AFC/-ны С зэрэглэлийн дасгалжуулагчийн сургалтыг Төв аймгийн Зуунмод сумандаа хүлээн авч, аймгийн хэмжээнд AFC-гийн С зэрэглэлийн 3 дасгалжуулагчтай болсон байна.

Связанные новости