“Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” өдөрлөг үргэлжилж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-16 12:51:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хэмжээнд энэ сарын 15-нд эхэлсэн “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” өдөрлөгийг 14 хоног зохион байгуулна.


Тус өдөрлөгийн нээлт ням гаргийн 11.00 цагт орон даяар нэгэн зэрэг цахимаар болсон юм.


“Ковид-19” цар тахлын үед иргэдийг биеийн тамир, идэвхтэй хөдөлгөөний энгийн дасгал хөдөлгөөн, алхалт, гүйлтээр хичээллэхэд уриалах, спортоор хичээллэгчдийг олшруулах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдраа чийрэгжүүлж дархлаажуулахад “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” өдөрлөгийн зорилго оршиж байгаа билээ. 


Тус өдөрлөгийг Засгийн газрын тохируулагч агентлаг Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц нээсэн юм.



Энэхүү эрүүл мэндийн сайн үйлсийг үүрэн холбооны Жи мобайл ХХК, ухаалаг цагны Garmin компанийн Монгол дахь албан ёсны салбар ивээн тэтгэж байна.


Аймаг, дүүргийн Биеийн тамир, спортын газар, хороод нутаг дэвсгэртээ зохиож байгаа цахим гүйлтийн нээлтийн ажиллагааг шууд дамжуулж байгаа юм.  


Зүүн бүсийг төлөөлж Говьсүмбэр аймгийн Биеийн тамир, спортын газар нь байгууллагынхаа биеийн тамирын заал, хөл бөмбөгийн талбай, Шивээ говь сумын төвөөс, Спиннинг фитнес клубээс тус тус мэндчилгээ дэвшүүллээ. Говьсүмбэр аймгийн “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” өдөрлөгийг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Буянтогтох нээж, оролцогчдоо төлөөлөн Спортын мастер С.Туяагэрэл, Аймгийн хөнгөн атлетикийн холбооны тэргүүн Цогбадрах нар үг хэлсэн юм.



Баруун бүсийг төлөөлж Говь-Алтай аймгийн Биеийн тамир, спортын газар нь “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” өдөрлөгийн нээлтийн ажиллагааг  байгууллагынхаа биеийн тамирын зааланд хийж, үйл ажиллагааг Аймгийн Засаг даргын орлогч дарга Г.Чинбат нээж, оролцогчдод  амжилт хүсэв. Мөн баруун бүсээс Баян-Өлгийн аймгийн Биеийн тамир, спортын газрын Биеийн тамирын асуудал хариуцсан мэргэжилтэн О.Ром аймагтаа цахим гүйлт зохиох бэлтгэл ажлыг танилцуулж, аймгаас оролцох 86 гүйгчдээ амжилт хүслээ.  


Төвийн бүсийг төлөөлж Өмнөговь аймгийн Даланзадгад сумаас “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” өдөрлөгийг Биеийн тамир, спортын газрын гадна талбайд нээсэн юм.



Хангайн бүсийг төлөөлж Хөвсгөл аймгийн Мөрөн сумаас Биеийн тамир, спортын газар нь “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” өдөрлөгийн нээлтийг байгууллагынхаа биеийн тамирын зааланд зохиож, үйл ажиллагааг аймгийн Биеийн тамир, спортын газрын дарга Б.Баярсайхан нээлээ. Мөн Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас аймгийн Биеийн тамир, спортын газрын ахлах дасгалжуулагч С.Дашдаваа мэдээлэл өгч, оролцогчдод амжилт хүссэн юм.


Нийслэлийн бүсийг төлөөлж Багануур дүүргийн Биеийн тамир, спорт хороо нээлтийн ажиллагааг хөл бөмбөгийн талбайд зохиож, тус хорооны ахлах дасгалжуулагч Ж.Болдбаатар мэдээлэл өглөө.


Түүнчлэн гүйлт, алхалтын спорт клубийн төлөөлөл энэхүү үйл ажиллагаанд нэгдэж буйгаа илэрхийлж гүйж байгаа болон амьдарч буй газраасаа шууд холбогдсон.



Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс Лэтс Ран гүйлтийн клубийн гүйцэтгэх захирал Г.Оюун, гүйгчдийн хамт, Монголын Эрүүл мэндийн гүйлтийн холбооны гүйцэтгэх захирал У.Баасансүрэн, гүйлтийн Актив клубийнхний хамт гүйлтэд нэгдэж буйгаа илэрхийллээ. Мөн Япон улсаас "Эм Жи Эл" гүйлтийн сувгийн Япон дахь төлөөлөгч Х.Загдсүрэн, АНУ-аас:Эм Жи Эл гүйлтийн сувгийн АНУ дахь төлөөлөгч Г.Гантуяа нар шууд холбогдож гүйлтийн үйл ажиллагаанд нэгдэж буйгаа мэдэгдлээ.



Монголын нийт иргэдэд хандаж БТСУХ-ноос “Эрүүл мэндийн цахим гүйлт 2021” биеийн тамирын үйлсэд 14 хоногийн турш идэвхтэй оролцохыг уриаллаа.

Связанные новости