Хил залгаа сумдын Засаг дарга нарын санал солилцох-зөвлөлдөх уулзалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
uvs@montsame.gov.mn
2021-03-17 17:40:52

Увс /МОНЦАМЭ/. Өлгий сумын ИТХ-ын дарга Ө.Банзрагч, Засаг дарга Ж.Очирбат нарын санаачилгаар энэ сарын 15-ны өдөр Өлгий сумтай хил залгаа орших Увс аймгийн Өмнөговь, Наранбулаг, Завхан сумд, Ховд аймгийн Мянгад, Дөргөн сумдын ИТХ-ын дарга, Засаг дарга нарын Санал солилцох-Зөвлөлдөх уулзалт болсон байна.

Тус уулзалтаар сумдын удирдлагууд сум орон нутагтаа хийж байгаа хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт болон бүрэн эрхийн хугацаанд хийж хэрэгжүүлэх онцлог ажлуудаа танилцуулж, харилцан бие биенийгээ дэмжиж жижиг дунд үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан борлуулах сүлжээг бий болгох, аялал жуулчлалыг хөгжүүлэх, хогийн менежмент, цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтын ажиллагааг сайжруулах, бүсчилсэн тэмцээн уралдааныг харилцан зөвшилцөж зохион байгуулах зэрэг өргөн хүрээтэй асуудлуудыг хөндөн ярилцсан байна.

Өлгий суманд болсон энэхүү уулзалтын төгсгөлд:

1. Хамтын ажиллагааг өргөжүүлж, тэргүүн туршлага солилцох /Төрийн захиргааны байгууллага болон боловсрол, эрүүл мэнд, соёл урлаг, спорт, хөдөө аж ахуйн салбарт/

2. Хил залгаа бүс нутгийн бэлчээр ашиглалт, хамгаалалтыг сайжруулах

3. Гэмт хэрэг /Малын хулгай/ зөрчлөөс урьдчилан сэргийлэх

4. Байгаль орчин, ховордсон ан амьтаныг хамгаалах

5. Халдварт өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх зэрэг чиглэлээр хамтран ажиллахаар талууд тохиролцсон байна.

   Тус уулзалтад Өмнөговь сумын ИТХ-ын дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Даваасүрэн, Засаг дарга С.Өлзий, Наранбулаг сумын ИТХ-ын дарга О.Идэрмөнх, Наранбулаг сумын Засаг дарга, аймгийн ИТХ-ын төлөөлөгч С.Дэлгэрномин, Завхан сумын Засаг дарга А.Ягаан, Мянгад сумын ИТХ-ын дарга Д.Баатарсүрэн, Засаг дарга М.Баатар нар оролцжээ.

 

 

Связанные новости