С.Борхүү: Миний хараа хурц, ямар ч гэрэлд ном уншина
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. Баруунтуруун сумын Зүүнтуруун багийн иргэн,
өдгөө 85 настай С.Борхүү гуай ном унших дуртай. Тэрбээр хөнгөн шалмаг хөдөлгөөнтэй, хараа хурц, оюун ухаан саруул, цэцэн цэлмэг нэгэн аж.
Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргал хөдөө
багуудаар явж байхдаа С.Борхүү гуайтай уулзжээ. "Сумын номын санд орж үзэхсэн.
Надад ном өгвөл эмээ нь гамтай, цэвэрхэн уншаад буцааж өгнө. Миний хараа хурц,
ямар ч гэрэлд ном уншиж чадна. Ер нь бол ном унших сайхан. Би зохиолын голдуу
ном уншдаг. Хэчнээн ном уншсанаа сайн мэдэхгүй байна. Энэ залуучууд бүр ном
тоохгүй юм" хэмээн тэрбээр сумын Засаг даргатайгаа хуучилжээ.
Эднийх сумын төвөөсөө 70 гаруй км-т Цагаан уулын хавирга
хэмээх газарт хаваржиж байгаа аж. С.Борхүү нь 11 хүүхэд төрүүлж өсгөсөн
бөгөөд үр хүүхэд, ач зээ, жич гуч нараараа тойруулан сайхан амьдарч байна.
Баруунтуруун сумын Засаг дарга С.Удаанжаргал Борхүү эмээд
зохиолын голдуу ном явуулахын зэрэгцээ цаг агаар дулаарахаар сумын Ерөнхий боловсролын
сургуулийн сурагчидтай уулзуулж, ном уншихын сайхныг таниулах ухуулга яриа
хийхээр болсон байна.