Аймаг төсвийн орлогыг оны эхний 2 сард 192.3 хувиар давуулан биелүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-03-19 15:41:45

Архангай /МОНЦАМЭ/. Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан 2021 оны эхний 2 сард аймгийн төсөвт 3391.9 сая төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 4495.2 сая төгрөгийн орлого оруулж, төлөвлөгөөг 132.5 хувиар биелүүлсэн байна.

Харин Улсын төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулахгүйгээр аймаг өөрөө 1195.7 сая төгрөгийн орлого бүрдүүлэхээс 2299 сая төгрөгийн орлогыг төвлөрүүлэн төлөвлөгөөг 192.3 хувиар  биелүүлжээ. Төсвийн орлогын төлөвлөгөөг Хангай, Хашаат, Чулуут сумаас бусад сум  26.7 -125.3  хувиар давуулан биелүүлсэн байна.

Орлогыг нэр төрлөөр нь үзвэл түгээмэл тархацтай байгалийн баялаг ашигласны төлбөр, газрын төлбөр, ус рашааны нөөц ашигласны төлбөр, хог хаягдлын үйлчилгээний хураамжаас бусад нэрийн орлогуудыг 11.8 дахин биелүүлсэн байна.

Аймгийн төсвийн орлогын 48.9 хувийг тусламжийн орлогоор, 26.3 хувийг орлогын албан татвараар, 10.8 хувийг өмчийн татвараар, 11.0 хувийг бусад албан татвараар, 0.1 хувийг хөрөнгийн орлогоор, 2.9 хувийг татварын бус орлогоор бүрдүүлж байна.

Связанные новости