С.Маттсон тэргүүтэй Европын 12 эмэгтэй бөх олимпын эрхээ өвөртлөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-03-22 11:48:39

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бөхийн төрлүүдийн Европ тивийн олимпын эрх олгох тэмцээн Унгарын нийслэл Будапешт хотноо болж чөлөөт бөхийн төрөлд эмэгтэйчүүдийн 6 жинд 12 тамирчин эрхээ авч Токиог зорихоор болов.


Тухайлбал, “Рио-2016” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий нэг алт, дөрвөн мөнгө, нэг хүрэл медальт, Европын наадмын хошой, Европын дөрвөн удаагийн аварга Шведийн алдарт бөх София Маттсон 4 дэх, олимп, дэлхийн аварга, ОХУ-ын Наталья Воробьева, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Европын 3 удаагийн аварга Латвийн Анастасья Григорьева нар 3 дахь олимпдоо зодоглохоор боллоо гэж Монголын чөлөөт бөхийн холбооноос мэдээллээ.



Харин ДАШТ-ий алт, мөнгөн медальт, Европын дөрвөн удаагийн аварга Туркийн Ясемин Адар, ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт Ивона Матковская, Дэлхийн гурван удаагийн медальт Унгарын Эмеше Барка гээд туршлагатай бөхчүүд эрхээ авч чадаагүй байна.


Олимпын эрх авсан эмэгтэй бөхчүүд:


50 кг-д Эвин Демирхан /Турк/, Миглена Селишка /Болгар/


53 кг-д Ванесса Колодинская /Беларусь/, София Маттссон /Швед/


57 кг-д Эвелина Николова /Болгар/, Алина Акобия /Украин/


62 кг-д Анастасия Григорьева /Латви/, Ирина Коляденко /Украин/


68 кг-д Кумба Ларрок /Франц/, Ханум Велиева /ОХУ/


76 кг-д Василиса Марзалюк /Беларусь/, Наталья Воробьева /ОХУ/



Дашрамд дуулгахад, Монголын чөлөөт бөхийн шигшээ багаас “Токио-2020” олимпын эрхээ авсан эмэгтэй, эрэгтэй тус бүр нэг тамирчин байгаа юм. Тодруулбал, эмэгтэйчүүдийн 68 кг-д Хөдөлмөрийн баатар, “Лондон-2012” олимпын хүрэл медальт, Дэлхийн хошой аварга, ДАШТ-ий  мөнгө, хүрэл медальт, гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг, эрэгтэйүүдийн 65 кг-д Монголын багийн анхны олимпын эрхийг ОУХМ Т.Тулга хүртээд байгаа аж. Уг олимпын эрх нь хувь хүнд бус үндэсний шигшээ багт олгогддог юм байна. 

Связанные новости