“Улаанбаатарын мазаалайнууд” клуб мазаалай хамгаалах сантай хамтран ажиллаж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 21 аймгийн хөл бөмбөгийн холбоодын түүх, үйл ажиллагааны талаар цувралаар танилцуулж байна.
Харин энэ удаа Монголын
хөлбөмбөгийн холбоо/МХБХ/-ны “Улаанбаатарын мазаалайнууд” клубийн өнөөгийн үйл
ажиллагаа маш идэвхтэй явагдаж, тамирчдын ур чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн
олон ажил зохион байгуулсаар байгаа талаар сонирхуулая.
Монголын Тусгай олимпын хороотой хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан бэлтгэлүүдийг сар бүр тогтмол хийдэг ч өнөөгийн нөхцөл байдлаас болж түр зогссон.
Мөн Говийн мазаалай хамгаалах сантай хамтран ажилладаг бөгөөд хамтын ажиллагааны хүрээнд гадаа талбайн гоол бүрт 10 мянган төгрөгийг мазаалайг хамгаалах зорилготойгоор тус санд хандивласан.
Монголын пауэрлифтингийн "Стронг" клубтэй хамтран ажиллаж
тамирчдаа хямд төлбөртэй хичээллүүлж байгаа ч мөн л өнөөгийн нөхцөл байдлаас
шалтгаалан түр зогссон.
Азийн
хөл бөмбөгийн холбоо/АХБХ/-ны ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй мини-питч
төсөлд МХБХ, Техник технологийн дээд сургууль, Арвис клубтэй хамтран ажиллахаар
болсон. Мөн АХБХ-ны хүрээнд шаардагдаж буй лиценцжүүлэлтийн материалыг бүрэн
бүрдүүлжээ.
“Улаанбаатарын мазаалайнууд” клуб заалны болон гадаа талбайн дээд лигт зэрэг тоглож буй лигийн
цор ганц баг юм. Заал, гадаа талбайн багт тоглох сонирхолтой тоглогчдыг
нээлттэй сонгон шалгаруулахаар ажиллаж байгаа ч нөхцөл байдлаас шалтгаалан түр
хойшилсон.
“Улаанбаатарын мазаалайнууд” багийн удирдлага, зохион байгуулалт шинэчлэгдэж, сошиал хүрээнд өөрсдийгөө шинэчлэж байгаа бөгөөд Инстаграм хаяг шинээр нээгээд / IG:ubmazaalaifc / байгаа юм байна.