Чөлөөт бөхийн олимпын эрхийн төлөөх тэмцээн өнөөдөр эхэлж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-04-10 10:40:55

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Чөлөөт бөхийн Ази тивийн бөхчүүдийн эрхийн төлөөх тэмцээн өнөөдөр Казахстаны Алматы хотноо эхэлж, энэ өдөр Монголын эрэгтэй, эмэгтэй тамирчид тус бүр 5 жинд хүчээ сорино.


Өчигдөр сонгомол бөхийн төрлөөр эхэлсэн тивийн эрх олгох тэмцээнд манай тамирчдаас “Улаанбаатар-2019” 23 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальт, ОУХМ М.Даваабанди 60 кг-д энэ төрөлд ганцаараа оролцлоо.


Тэрбээр 1/4 шигшээд өсвөр үеийн ДАШТ-ий хүрэл медальт, Азийн аварга Тажикистаны Фируз Мирзоржабовтой барилдаж оноогоор цэвэр ялагдлаа. Түүнийг ялсан бөх олимпын эрхийн буюу хагас шигшээд Хятадын бөхөд ялагдснаар М.Даваабанди дагах барилдаан хийх боломжгүй тэмцээнээ дуусгав.


Харин М.Даваабанди чөлөөт бөхийн төрлөөр өөрийн үндсэн жин болох 55 кг-д зодоглох юм.


Өнөөдөр чөлөөт бөхийн төрөлд хүч үзэх Монголын 5 бөхийг танилцуулбал, 57 кг-д ДАШТ-ий хүрэл медальт ОУХМ Т.Түвшинтулга, 74 кг-д ОУХМ Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д ОУХМ Г.Ганхуяг, 97 кг-д ОУХМ Ө.Батзул, 125 кг-д ОУХМ М.Лхагвагэрэл нар өрсөлдөнө.


Тодруулбал, 57 кг-д Т.Түвшинтулга тэгшитгэлд “Рио-2016” олимпийн мөнгөн медальт Рэй Хигүчитэй эхний тойрогт учраа таарлаа. Японы Р.Хигүчи нь Риогийн олимпоос хойш жин өгсөн 65 кг-д хүртэл барилдаж байсан бөгөөд олимын эрхийн тэмцээнд өөрийн үндсэн жиндээ оржээ. Түүнийг ялсан тохиолдолд БНХАУ-ын бөхтэй цаашлаад олимпын эрхийн төлөө Тажикстан, Туркменистаны бөхчүүдийн ялсантай учраа таарах юм.


74 кг-д Б.Бат-Эрдэнэ эхний даваандаа ДАШТ-ий хошой хүрэл, Азийн наадмын хошой аварга, Рио-2016 олимпын тавдугаар байрт Узбекстаны Бекзод Абдурахмоновтой учраа таарсан. Энэ бөх нь 2016 оны олимпод алдарт Жордан Барроуз аваргыг өрсөлдөөнөөс хассан шаггүй өрсөлдөгч юм. Түүнийг ялбал,  олимпын эрхийн төлөө Киргиз, БНСУ-ын бөхчүүдийн ялсантай учраа таарна.


86 кг-д Г.Ганхуяг эхний даваандаа 2014 оны ДАШТ-ий мөнгөн медальт Японы Сосүке Такатанитай таарчээ. Тэдний хэн ялсан нь олимпын эрхийн төлөө БНХАУ, Киргизийн бөхчүүдийн ялсантай барилдана.


97 кг-д Ө.Батзул БНСУ-ын Сио Мин-Вонтой учраа таарсан. Өрсөлдөгчөө ялбал Энэтхэгийн Сативарт Кадиантай, улмаар олимпын эрхийн төлөө ДАШТ-ий хүрэлтэй Ираны Аскари Мохамадиантай учраа таарах оноолт байна.


125 кг-д М.Лхагвагэрэл эхний тойрогт Пакистаны бөхтэй таарсан бол ¼ шигшээд Киргизийн Айаал Лазарев, олимпын эрхийн төлөө Тажикстаны Рустам Искандартай оноолт таарах магадлалтай.

Связанные новости