Н.Золзаяа: Увс аймгийнхаа нэрийг улсын хэмжээнд гаргахыг хүсдэг
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВСУвс аймгийн “Өнөр Урлал” ХХК-ийн захирал Найдангийн Золзаяаг урьж ярилцлаа. Үндэсний дээл хувцасыг төрөл бүрээр нь урлаж, бас дээр нь европ загварын даашинз, хослол, хүрэм, өмд зэргийг оёж үйлдвэрлэж буй “Марал” салоныг Увсынхан хэдийнээ андахаа байжээ. Тэр бүү хэл Улаанбаатар хот, зарим аймгуудаас хүртэл захиалга тогтмол ирж байна.
-Юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
-Би 1982 онд Увс аймгийн Тэс суманд төрсөн. Наймдугаар анги хүртлээ сумынхаа 10 жилийн сургуульд суралцаад 9-р ангидаа Улаангомд ирж Арван жилийн 1-р сургуульд орж байлаа. Улмаар СУИС-ийн кино драмын ангид элсэн суралцаж жүжигчин мэргэжил эзэмшсэн. Манай аавыг Увсынхан андахгүй байх. Монгол Улсын гавьяат багш Жамьянгийн Найдан гэж хүн бий. Харин ээжийг маань Лхамсүрэнгийн Шура гэдэг. Аав, ээж хоёр маань насаараа боловсролын салбарт ажилласан сурган бөгөөд одоо өндөр насныхаа тэтгэвэрт сууцгаасан.
Эцэг эхээс дөрвүүлээ. Том эгч Н.Лхамжав Цогцолбор 1-р сургуулийн дуу хөгжмийн багш. Дараагийн ах Н.Ганхуяг Ахлах 3-р сургуулийн дуу хөгжмийн багш. Дараагийнх нь би, СУИС-ийн кино драмын анги төгссөн. Отгон дүү Н.Алтангэрэл Программист мэргэжилтэй. Улаанбаатар хотноо ХААН банкны ID-гээр ажиллаж байна.
-Монголын бүх ард түмний урлагийн их наадмаас гуравхан настайдаа алтан медаль авч байсныг чинь мэдэх юм байна. Их багаасаа урлагт дурлажээ дээ?
-Урлагийн алтан тайзан дээр анх гурван настайдаа гарсан. Монголын бүх ард түмний урлагийн их наадамд аавынхаа зааж өгсөн дуугаар оролцоод алтан медаль хүртсэн. Тухайн үед Бүх ард түмний урлагийн их наадам гэж нүсэр юм болдог байлаа. Түүнээс хойш урлагаар жинхэнэ явж өгсөн дөө. Дуулна, бижиглэнэ, хөгжимдөнө гээд урлагийн бүх төрлөөр хүчээ сорих болсон.
-Чи багадаа их сэргэлэн цовоо, өхөөрдөм хүүхэд байж билээ?
-Одоо ч хэвээрээ шүү. Бага байхад манай гэр бүлийн тоглолт их болдог байсан. Нэг удаа Драмын Чука ах тоглолтыг найруулсан юм. Тэрээр: “Золоог нэг харахад дуулаад, нэг харахад бүжиглээд, эсвэл хөгжим тоглох юм. Чамд хийж чаддаггүй зүйл байна уу” гэж асууж байсан. Ер нь бол бүхий л юмыг хийж сурах гэж тэмүүлдэг, би чадна гээд зүтгэдэг хүүхэд байсан. Тэр чанараараа хүүхэд байхдаа улсын хэмжээний томоохон уралдаан тэмцээнээс хэд хэдэн алтан медаль хүртсэн. Бас мөнгө, хүрэл медалиуд ч бий. Түүнчлэн, Увс аймгийн “Оны тэргүүний сурагч”-аар шалгарч байснаас гадна аймгийн “Авьяас” наадмаас дуу, бүжиг болон хөгжмөөр алт, мөнгө, хүрэл медаль өчнөөн хүртсэн дээ.
-Яагаад урлагаар явсангүй вэ?
-Хар багаасаа л урлагийн хүн болно гээд бодчихсон байсан. Бага байхдаа ч тэр, оюутан болоод ч тэр тувт л урлагаар явсан. Гэтэл одоо дизайн талдаа буюу үйлийг урлах чиглэлээр ажиллаж байна. Хүссэн мэргэжлээрээ явахгүй болохоор зарим хүмүүс гуньж гутран шантардаг байж болох юм. Надад бол тийм мэдрэмж төрдөггүй. Яагаад гэхээр би багадаа бас оёж шидэх дуртай хүүхэд байсан. Энэ тухай ярихын тулд эмээгээ дурсахгүй байж болохгүй. Манай аавын ээж Лхайжав гээд нутаг усандаа алдартай уран хүн байсан. Эмээ маань намайг 6 дугаар ангид байхад монгол дээл оёхыг зааж өгсөн. Эмээгээсээ л монгол гутал, буриад гутал, жанжин малгай, монгол дээл, лоовуузан малгай, тоорцог яаж оёхыг сурч байлаа. Юм оёход их ухаан зарахаас гадна асар их тэсвэр тэвчээр шаарддаг. Хүн бүхэн оёж чадна. Хамгийн гол нь хүмүүс хөдөлмөрлөдөггүй. Миний хувьд юм оёх сонирхолдоо хөтлөгдөөд одоохондоо урлагаа түр хойш нь тавьчихсан байгаа. Яс, маханд маань шингэчихсэн юм болохоор урлагийг надаас хусаад ч арилахгүй. Нас залуу байна, тэгж байгаад урлагаар явна гэж боддог шүү.
-Яг хэдийнээс юм оёж эхэлсэн бэ?
-Гадаадад 5 жил оёдлын болон урлагийн чиглэлээр ажиллаад 2010 онд Монголдоо ирж байлаа. Тэгээд удалгүй Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд төрийн томчууд болон урлаг, спортын одуудын дээл хувцасыг оёдог Бямбаа гээд багшийн шавиар орж энэ бүхнийг хийж сурсан даа. Бараг жил гаруй дагалдангаар явж байж үндсэн ажилтнаар орсон. 2012 онд намайг Увс руу явахад багш маань “Чи хаана ч очоод салон нээгээд ажиллуулах чадвар эзэмшсэн шүү” гэж хэлж билээ.
-Тэгээд л компаниа байгуулсан хэрэг үү?
-Манай компанийн хамгийн анхны хөрөнгө оруулалтыг аав маань хийсэн. Үндсэндээ сая төгрөгийн дэмжлэг үзүүлсэн бөгөөд түүгээр нь би оёдлын болон хэрээсний машин, уурын индүү, торго даавуу, утас зүүгээ авч байлаа. 2012 онд ганцаараа гэртээ оёдол хийж байсан бол 2013 оноос “Өнөр урлал” компанийг үүсгэн байгуулсан. Одоо манайх үндсэн 5 ажилчинтайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Бид Увс аймаг төдийгүй, Улаанбаатар хот, Ховд, Завхан, Баян-Өлгий, Төв, Баянхонгор аймгийн ард иргэдээс захиалга авч үйлчилдэг.
Манайд Х.Баттуул гээд УБИС-ийн Хөдөлмөрийн багшийн анги төгссөн охин ажиллаж байна. Бас А.Цэвээндулам гээд Улаангом политехник коллежийн оёдлын анги төгссөн охин бий. Анх намайг Увсад ирэхэд Цэвээндуламын ээж Гүнсэл багш нэг сав сүү барьчихсан охиныг минь ажилд аваач гээд ирж байсан. Өнгөрсөн оны 9-р сард аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран манай компани зөөлөн оёдлын чиглэлээр үйлдвэр дээрх сургалт зохион байгуулсан юм. Тэр сургалтанд сайн суралцсан А.Бизъяа гээд охиныг мөн оёдолчноор авч ажиллуулж байна. Мөн миний хань Д.Өлзийсайхан гээд залуу бий. Бид тавуулаа энэ компанийг авч явж байна даа. Ажлын ачаалал ихэдсэн үед сургалтанд хамрагдсан охидоо дуудаж гэрээгээр ажиллуулдаг.
Одоо манай ажилчид надаас дутахааргүй сайн оёдог болсон. Нэг мм-ийн зайгүй оёх ёстой гэсэн шаардлагыг би тавьдаг. Зарим үйлчлүүлэгчид цагт нь хэтэрхий тулгаад хувцас хийлгэхээр хүрээд ирнэ. Тэр үед уйлах хэцүү, инээх хэцүү, ёстой л газар ойрхон тэнгэр хол гэгч болдог. Намайг гээд зориод ирсэн хүний ажлыг амжуулж өгөхөөс өөр аргагүй. Тэгээд л цагт нь амжуулахын төлөө ханцуй шамлан ажилдаа орж гэр, хоол хоёроо умартдаг. Ер нь тэгээд байнга л яарч сандран өнөөдөр үүнийг, маргааш түүнийг гээд хуваарилчихаад охидтойгоо хамт зэрэгцээд л уралдана шүү дээ. Байнга захиалагчтай байдаг болохоор бидэнд цаг зав ч ховорхон гарна.
-Компаниа өргөжүүлэх тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?
-Цаашдаа Увс аймагтаа байхгүй тансаг гоё салоноор нутгийнхандаа үйлчлэх юмсан гэж хүсч мөрөөдөж явдаг. Манай хувцасны хаяг дээр “Made in Mongolia Uvs” гэчихсэн байгаа. Алслагдсан хөдөө орон нутагт үйлчлүүлэгчдийн хүсэл сонирхол, хэв маягт тааруулан нарийн нандин, чамин ганган хувцасыг яагаад үйлдвэрлэж болохгүй гэж. Үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг маань ганцхан Увс аймаг гэлтгүй, улс даяараа хэрэглэж, Увс аймагт ийм салон байдаг шүү гэдгийг хүн бүр мэдээсэй гэж хүсч байна. Иймээс улсын чанартай томоохон уралдаан тэмцээнүүдэд тогтмол оролцож, Увс аймгийнхаа нэрийг Монгол улс даяар гаргая гэж боддог. Нууцгүй хэлэхэд ганцаараа бор зүрхээрээ зүтгээд байх биш улс, аймгаас нь дэмжээд өгвөл илүү хурдан хугацаанд амжилтанд хүрэх боломжтой.
Манай компани шинээр ажлын байр бий болгохын тулд зүгээр нэг оёдолчин авч ажиллуулахгүй. Манайд тийм хүн ч тэнцэхгүй. Би туслах ажилтнаа хамгийн багадаа гурван сар, үндсэн оёдолчноо хоёр жил дадлагажуулдаг. Тэгсний үндсэн дээр үндсэн ажилчид бий болдог. Тиймээс аймгийн Хөдөлмөрийн хэлтэстэй хамтран сургалт хийх нь хамгийн зөв алхам юм. Манай сургалтанд хамрагдахыг хүссэн маш олон хүн байна. Одоо чинь эр, эм гэлтгүй бүгдээрээ өөрсдөө дээл хувцасаа оёж өмсөх хүсэл сонирхолтой болсон байна лээ.
-Танай компанийн шагнал урамшил гэвэл?
-2014 онд Швейцарийн хөгжлийн агентлаг, Монгол Улсын баруун бүсийн мэргэжлийн боловсрол сургалтын төвөөс зохион байгуулсан үзэсгэлэнгээс “Шилдэг бүтээгдэхүүн” өргөмжлөл, мөн ондоо “Дэлхийн бизнес инкубаторын өдөр-7” арга хэмжээнээс 2014 оны шилдэг бойжигч, “Алтан өндөг” цом, өргөмжлөл хүртсэн. Түүнчлэн, “Увс түншлэл-2015” үзэсгэлэн худалдааны шилдгийн шилдэг бүтээгдэхүүнээр шалгарч Гран при шагнал авч байлаа. Өнгөрсөн онд Увс аймгийн Шилдэг эмэгтэй буюу “Top women” шагналыг хүртсэн. Энэ хугацаанд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны Манжуур хотноо болон ОХУ-ын Тува улсын Кызыл хотноо зохион байгуулагдсан үзэсгэлэн худалдаанд оролцсон.
-Сүүлчийн мөчийг өөрт чинь үлдээе?
-Монгол хүн үндэсний хувцасаа өмсөхгүй, түүгээрээ бахархахгүй, гоёхгүй байна гэж байхав. Манай компани алслагдсан аймгийн ард иргэдэд өөрсдийнх нь хүсэл сонирхолд тааруулан шинэлэг хийц, хэв маягийг агуулсан бүтээгдэхүүнийг хувь хүний биений онцлогт тааруулан урлаж өгдөгөөрөө бусдаас давуу талтай.
Ингээд манай салоны үйлчлүүлэгчид болон Увс нутгийнхаа зон олонд баярласан талархсанаа илэрхийлж, амьдралд нь аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
-Ажилд чинь амжилт хүсье.
Увс аймаг Б.Батхүү