Энэтхэг батлагдаагүй вакцинаас 300 сая тунг захиалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-06-04 14:22:38

ШИНЭ ДЕЛИ. /BBC/. COVID-19” халдварын хоёр дахь давлагаанд нэрвэгдээд буй Энэтхэг улс коронавирусний эсрэг үр дүн нь хараахан батлагдаагүй байгаа вакцинаас 300 сая тунг захиалжээ.


“Энэтхэгийн “Biological E” компанийн вакцины туршилтын гурав дахь үе шат үргэлжилж байгаа бөгөөд эхний хоёр шатны туршилтаар “нааштай үр дүн” үзүүлсэн” гэж тус улсын Засгийн газар мэдэгдсэн байна.  


Энэтхэг улс нь онцгой байдлын үед ашиглах зөвшөөрөл олгоогүй байгаа вакцинаас анх удаа захиалсан нь энэ бөгөөд тус улсад “COVID-19”-ийн вакцинжуулалтыг эрчимжүүлэхэд хүндрэл учраад байгаа юм.


Тодруулбал, 1.4 тэрбум хүн амтай улсын хэмжээнд одоогоор 220 сая гаруй тун вакцин тарьжээ. Ийнхүү хүн амын 10 хүрэхгүй хувь нь нэг тун вакцинд хамрагдаад буй нь вакцин ихээхэн хомсдох болсонтой холбоотой байна.


Хэдийгээр Энэтхэгт халдварын тохиолдлын тоо буурч байгаа хэдий ч өдөрт 100 мянга гаруй хүнээс халдвар илэрсэн хэвээр байгаа юм. Түүнчлэн халдварын улмаас 340 мянга гаруй хүн нас барсан гэж мэдээлж байгаа ч мэргэжилтнүүд түүнээс олон хүн нас барсан байх магадлалтай хэмээн таамаглаж байна. 

Связанные новости