Ж.Хайдав аймгийнхаа ногоон байгууламжийн ажлын эхлэлийг тавьсан
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн төвд Ж.Хайдавын нэрэмжит гудамж, хүндэтгэлийн цогцолбор байгуулж, нээлтээ хийлээ.
Ховд аймгийн Жаргалант сумын Прогресс сургуулийн дэргэд, гурван замын уулзвараас Буянт голын бага гүүрний замын уулзвар хүртэлх газрыг Монгол Улсын Байгаль орчны тэргүүний ажилтан, ахмад дайчин Жарантайн Хайдавын нэрэмжит гудамж болгосон. Үүнтэй холбогдуулан дурсгал хүндэтгэлийн цогцолборын нээлтийн үйл ажиллагааг зургаадугаар сарын 30-ны өдөр зохион байгууллаа.
Энэхүү цогцолборыг Ж.Хайдав
агсны үр хүүхдүүд санаачлан
аавынхаа мэндэлсний 100 насны ой болон бусад түүхт ойн хүрээнд 20 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар
ийнхүү бүтээн босгожээ.
Ж.Хайдав нь 1946 оноос
эхлэн Ховд аймгийн ойн ангийн анхны байцаагч, даргаар ажиллаж байхдаа хот
тохижуулах төлөвлөгөөний дагуу ойн бүс, ногоон байгууламжийг бий болгох
зорилгоор ойжуулалт, цэцэрлэгжүүлэлтийн ажлыг анх хариуцан хийж байв.
Тухайн үед баяр наадмын талбай, хотын ойн бүсийн
зураг гаргаж, Эрдэнэбүрэн сумын “Өвдөг”
гэх газраас 5000 ширхэг мод авч ирсэн. Улмаар наадмын шинэ талбайд 1300, зам
дагуу 3700 ширхэг модыг
хамт олон, иргэдийн оролцоотой тарьж ургуулснаар Ховд аймгийг цэцэрлэгжүүлэх
их ажил эхэлсэн түүхтэй.
Ж.Хайдавын гэргий Т.Шиймаа
нь мөн аймгийнхаа ойн бүс, ногоон байгууламжийг бий болгоход гар бие оролцож
байжээ.
Тэрээр ойн бүсийн анхны
сахиулаар ажиллаж байгаад, 1972 онд байгуулсан Ой агнуурын аж ахуйн Мод
үржүүлгийн талбайн сахиул, цэцэрлэгчийн ажил хийж байсан аж. Тухайн үед нутгийнхаа нэлээд
олон хүнийг мод бут тарих, үржүүлэх ажилд сургажээ. Түүний шавь нарын нэг бол
Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан Д.Цэндсүрэн юм.