“Delta Airlines” вакцинд хамрагдаагүй ажилтнуудаасаа сар бүр хураамж авна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ВАШИНГТОН. /WSJ/. Америкийн агаарын тээврийн “Delta Airlines” компани “COVID-19”-ийн вакцинд хамрагдаагүй ажилтнууд компанийн санхүүжүүлж буй эрүүл мэндийн хөтөлбөрт сар тутам 200 ам.доллар төлөх шаадлагатай болно гэдгийг анхааруулан мэдэгджээ.
Тус компанийн гүйцэтгэх захирал Эд Бастиан ирэх 11 дүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх энэхүү шийдвэрийн талаар лхагва гарагт ажилтнууддаа мэдэгдсэн байна. Түүний мэдээлснээр, “COVID-19”-өөр халдварласан тохиолдолд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хугацаа нь компанид дунджаар 50 мянган ам.долларын зардал учруулж, санхүүгийн эрсдэлийг нэмэгдүүлэх тул энэхүү хураамж нь ихээхэн ач холбогдолтой.
Өнөөдрийн байдлаар
“Delta Airlines” компанийн
ажилтнуудын 75 хувь нь вакцинд хамрагдаад байна. Энэхүү үзүүлэлт нь долоодугаар
сарын дундуур 72 хувьтай байсан юм. Э.Бастианы ярьснаар, сүүлийн долоо
хоногуудад “COVID-19”-ийн
улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ажилтнууд бүгд вакцинд бүрэн хамрагдаагүй
байжээ.
Үүнээс гадна “Delta
Airlines” ирэх есдүгээр сарын
30-наас эхлэн халдвар авсан ажилтнуудад цалинтай чөлөө олгохоо зогсоохоор болсноо
мэдэгджээ. Мөн вакцинд хамрагдаагүй ажилтнуудад есдүгээр сарын 12-ноос эхлэн
долоо хоног тутам шинжилгээ өгч, битүү орчинд амны хаалт зүүх шаардлагатай болох ажээ.
АНУ-ын
Ерөнхийлөгч Жо Байден ажилтнуудаа вакцинд хамруулахыг компаниуд, орон нутгийн
засаг захиргаадад уриалсаар байгаа юм. Энэхүү уриалгыг олон компани биелүүлсний
дунд агаарын тээврийн “United Airlines” компани багтаж байгаа бөгөөд тус компани есдүгээр сарын 27 гэхэд вакцинд
хамрагдах эсвэл ажлаасаа чөлөөлөгдөхийг ажилтнуудаасаа шаардаж байна.
Харин Америкийн агаарын
тээврийн томоохон компаниуд болох “American Airlines”, “Southwest Airlines” компанийн хувьд ажилтнууддаа вакцинд хамрагдахыг
уриалж байгаа ч заавал хийлгэх шаардлага тавиагүй байгаа ажээ.