Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын онлайн тэмцээн болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
oyundelger@montsame.gov.mn
2021-08-29 13:39:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Азийн оюутны спортын холбоо, Индонезийн оюутны спортын холбоо, Азийн шатрын холбоо хамтран Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын 2021 оны онлайн III тэмцээнийг есдүгээр сарын 2-12-нд Индонезийн Гунадарма хотоос зохион байгуулна.


Цар тахлын улмаас цахимаар явуулах заавар, удирдамж гарчээТэмцээнд манай улсаас Монголын оюутны спортын холбооны шатрын шигшээ баг, Үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, дэлхийн шатрын холбооны (ДШХ) мастер С.Ган-Од ахлагчтай баг оролцоно. Бүрэлдэхүүнд нь эмэгтэйчүүдээс МУИС-ийн оюутан, ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай, МУИС-ийн оюутан, ДШХ-ны мастер Б. Отгонсувд, эрэгтэйчүүдээс МУИС-ийн оюутан, ОУМ Ү.Агьбилэг, ХУИС-ийн оюутан, ДШХ-ны мастер Г.Булганхан нарын 4 тамирчин, 1 дасгалжуулагч багтжээ.


Эмэгтэй шатарчдын тэмцээн есдүгээр сарын 2-5-нд, эрэгтэй тамирчдын тоглолт 9-12-нд рапид төрлөөр Швейцар системээр 9 өрөг тоглож дүнгээ гаргах аж. Тэмцээний техникийн төлөөлөгчөөр Филиппиний иргэн, олон улсын шүүгч Касто Абуидо, ерөнхий шүүгчээр, АНЭУ-ын иргэн, олон улсын шүүгч Абдулрахам Махди болон бусад шүүгч удирдана.


Ташрамд дурдахад анхны оюутны Азийн АШТ 2015 онд БНХАУ-ын Бээжин хотноо болж, манай улсаас хоёр баг оролцон, МУИС-ийн баг тамирчид багийн төрөлд хүрэл медаль хүртэж байв.


Өнгөрсөн оны 12 дугаар сард болсон Ази тивийн оюутны аварга шалгаруулах шатрын онлайн II тэмцээнд Монголын эрэгтэй 4, эмэгтэй 3 шатарчин орж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан ангилалд 11 орны 37 шатарчид рапид төрлөөр швейцар системээр есөн өрөг тоглосноос "Мон-Алтиус" БТДС-ийн оюутан, ДШХ-ны мастер Э. Хулан 7.7 оноогоор түрүүлж, тивийн анхны оюутны аварга болсон.


МУИС-ийн оюутан, ДШХ-ны дэд мастер Т.Номиндалай 7.0 оноогоор хүрэл медаль хүртэж байв. Мөн улс бүрийн хамгийн сайн тоглосон гурван оюутан шатарчны нийлбэр дүнгээр ДШХ-ны мастер Б.Ану ахлагчтай Монгол Улсын эмэгтэй баг түрүүлж, Индонез, Иран улсын оюутны тамирчид удаалжээ. Ази тивийн 2020 оны АШТ-д 13 орны 48 эрэгтэй оюутан шатарчинд оролцож, Мон-Алтиус БТДС-ийн оюутан, ДШХМ Э.Энхнар 6,5 оноотой 3-р байр эзэлж байлаа. 

Связанные новости