Вьетнамд тогтоосон хөл хорио кофены нийлүүлэлтэд нөлөөлж байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ХАНОЙ. /BBC/. Вьетнам улсын хамгийн том хотод коронавирусний халдварын улмаас хөл хорио тогтоосон хэвээр байгаа нь дэлхийн кофены нийлүүлэлтэд нөлөөлөх болоод байна.
Хо Ши Мин хотод “Дельта” хувилбараар халдварласан тохиолдлуудын тоо олноор нэмэгдэх болсонтой
холбогдуулан зорчих хөдөлгөөний хязгаарлалтууд тогтоогоод байгаа юм.
Вьетнам нь найруулдаг
кофенд ашигладаг гашуун амтат үр болох робуста тариалдаг томоохон орон юм. Харин энэ он гарсаар робуста үрийн бөөний үнэ 50 орчим хувиар өсжээ.
Зүүн өмнөд нутгийн
Хо Ши Минд хөл хорио тогтоогоод буйн улмаас Вьетнамын экспортлогчид кофены үр
тэргүүтэй бараа бүтээгдэхүүнийг дэлхий дахинд нийлүүлэх боомтуудад хүргэхэд хүндрэл учраад байна.
Мөн зорчих хөдөлгөөний хязгаарлалтууд нь тээврийн чингэлгийн хомсдол, тээврийн зардлын өсөлттэй тулгараад буй экспортлогчдын хувьд нэрмээс болж байна. Хо Ши Мин болон тус хотын боомтууд нь дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзэлдэг юм.
Үүнтэй холбогдуулан Вьетнамын Кофе-какаоны холбоо тэргүүтэй бусад худалдааны байгууллагууд нийлүүлэлтийн
хугацаа хойшлох, түүнээс үүдэн зардал нэмэгдэхээс зайлсхийхийн тулд хязгаарлалтуудыг
сулруулахыг Засгийн газартаа уриалсаар байгаа ажээ.
Вьетнамд үүсээд
буй эдгээр асуудал нь кофены үйлдвэрлэлд дан ганцаар сөрөг нөлөө үзүүлээгүй байна. Тухайлбал, арабика үрийн дэлхийн хамгийн том тариалагч орон болох Бразилд ган гачиг нүүрлэсний
зэрэгцээ цочир хүйтэрсэн нь ургацад нөлөөлжээ.
Тодруулбал, Бразилд
1994 оноос хойш бүртгэгдээгүйгээр цочир хүйтэрсний улмаас хуураагүй кофены
үрийн үнэ долоон жилийн хамгийн өндөр үнэд дөхөж очоод байна.
Олон нийтийн
хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлж буйгаар, цочир хүйтний улмаас ноцтой
хохирол амссан зарим фермерийн хувьд моддоо дахин тарих хэрэгтэй болсон байж
магадгүй байна. Энэ нь тариалангаа сэргээхэд гурав хүртэлх жилийн хугацаа
шаардагдаж магадгүй гэсэн үг юм.