С.Дашсамбуу: Хэрэглэгчид халаалт, халуун усны төлбөрөө цаг хугацаанд нь төлж хэвшмээр байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
Увс /МОНЦАМЭ/. "Улаангомын дулааны 2-р станц" ТӨХК-ийн
Борлуулалтын менежер С.Дашсамбуутай ярилцлаа.
-"Улаангомын дулааны 2-р станц" ТӨХК-ийн
борлуулалтын алба хэрхэн ажилладаг вэ?
-Манай албанд борлуулалтын менежерээс гадна таван
байцаагч ажилладаг. Бид бүхэн хэрэглэгчдээс халаалт, халуун усны орлого
төвлөрүүлэх ажлыг хариуцан ажилладаг. Тодруулбал, 2-р дулааны станцаас халаалт,
хэрэглээний халуун усаар хангагддаг айл өрхүүдийн төлбөрийн төлөлт, бичилт
хийх, төвлөрүүлэх ажлыг байцаагч нар хариуцна. Харин миний бие аж ахуйн нэгж
байгууллага, төсөвт байгууллагын үйчилгээний төлбөр төлөлт, программд орлого
шивэх, тайлан тооцоо гаргах ажлыг хийж байна. Анх 2016 оны 9 дүгээр сард ажилд
орсноос хойш 5 жилийн хугацаа өнгөрчээ.
-Танай станц хэчнээн хэрэглэгчийг дулаан халаалт, халуун усаар
хангаж байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар 1852 айл өрх, 139 аж ахуйн нэгж
байгууллага, 33 төсөвт байгууллагыг халаалт, хэрэгцээний халуун усаар хангаж
байна. Цаг үеийн хувьд ажил, үйлчилгээнд үүссэн хүндрэлгүй, үйл ажиллагаа
хэвийн явж байгаа. Жил ирэх тусам хэрэглэгчийн тоо нэмэгдэж байгаа ч
станцын хүчин чадал хангалттай хүрэлцэнэ. Энэ жил 22 аж ахуйн нэгж, 65 айл
өрхийг дулааны шугам сүлжээнд шинээр холбосон.
-Хэрэглэгчид төлбөрөө хугацаанд нь төлөөгүйгээс өр авлага
үүсдэг. Энэ талаар?
-Ер нь хэрэглэгч нэг бүр халаалт, халуун усны төлбөрөө
цаг хугацаанд нь төлөх ёстой ч зарим хэрэглэгчид үүнд хариуцлага алдах нь бий.
Хэрэглэгч төлбөрөө төлөх асуудал бол дэлгүүрээс худалдан авалт хийгээд мөнгөө
төлдөгтэй адил энгийн зүйл. Бид ямар нэгэн үйлчилгээ авсан, хэрэглэсэн
зүйлийнхээ төлбөрийг төлдөгтэй адил гэсэн үг. Гэтэл зарим хэрэглэгч төлбөрөө
сар тутамд төлдөггүйгээс он дамжсан өр хуримтлагдах, эцэстээ тухайн хэрэглэгч
өрийн дарамтад орох нөхцөл байдал үүсдэг. Хэрвээ цаг хугацаанд нь төлбөрөө төлөөд явсан бол өөрт нь ч, манай
байгууллагад ч өр, авлага үүсэхгүй.
-Танай станцад хэдий хэмжээний өр авлага үүсээд байгаа
вэ?
-Нэг үеэ бодвол өр, авлагын асуудал цэгцэрч байна.
Одоогоор манайх 170 орчим сая төгрөгийн авлагатай. Өнгөрсөн хугацаанд
борлуулалтын албанаас өр барагдуулах аян өрнүүлсэн нь үр дүнгээ өгсөн хэдий ч
өнөөдрийг хүртэл төлбөр тооцоогоо дуусгаагүй хэрэглэгчид олон байна. Нийт өрийн
70 сая нь айл өрхөд, 80 сая нь аж ахуйн нэгж байгууллагад, 20 сая нь төсөвт
газарт үүссэн өр гэсэн тооцоолол бий.
-Төлбөрөө төлөөгүй хэрэглэгч нарт ямар арга хэмжээ авдаг вэ?
-Их хэмжээний өр, авлага үүсгэсэн хэрэглэгч нарт төлбөрөө
барагдуулах талаар удаа дараа шаардлага, албан бичиг, мэдэгдэл хүргүүлнэ.
Тодорхой үр дүнд хүрэхгүй бол шүүхээр шийдэх арга хэмжээ авна. Аж ахуйн нэгж
байгууллагын хувьд гэрээнд заасны дагуу халаалтыг хязгаарлах арга хэмжээ авдаг.
Хамгийн гол нь айл, өрхүүдийн төлөх өр төлбөр асуудал дагуулдаг. 2019 оноос айл
өрхүүдтэй хугацаагүй гэрээ хийсэн. Хэрвээ халаалт, халуун ус ашигласны төлбөрөө
төлөхгүй бол гэрээнд тусгасны дагуу шүүхээр шийдэх арга хэмжээг авах
зохицуулалттай. Одоогоор 10 орчим айлын өр төлбөрийн асуудлыг шүүхээр шийдээд байна.
-Цар тахалтай холбоотойгоор энэ жил халаалт, халуун усны
төлбөрийг төрөөс хөнгөлж байгаа нь хэрэглэгчдэд том дэмжлэг болж байгаа. Ийм байхад зарим хэрэглэгч өмнөх жилийн өр төлбөрөө барагдуулахгүй байна уу?
-Халаалт, халуун усны төлбөрийг төрөөс хөнгөлөхдөө төсөвт байгууллага, хуулийн этгээд, нефть, уул уурхайн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг албан байгууллага гэх мэт долоон төрлийн газарт хөнгөлөлт үзүүлэхгүй байхаар тусгасан. Мэдээж иргэд зуун хувийн хөнгөлөлт эдэлж байна.
"Улаангомын дулааны 2-р станц" ТӨХК-иас халаалт, халуун усаар
хангагддаг 110 аж ахуйн нэгжид 40 сая, 1850 айл өрхөд 49 сая, нийтдээ 89 сая
төгрөгийн хөнгөлөлтийг сар тутамд төрөөс үзүүлж байна. Өнгөрсөн хугацаанд нийт 560
орчим сая төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн. Халаалтын улирал эхэлсэн 9-р сарын дунд
үеэс энэ оны 12 дугаар сарыг дуустал хөнгөлөлт хэвээр үргэлжилнэ.
-Халаалт, хэрэглээний халуун усны үнэ тариф ямар байдаг
вэ?
-Айл өрхүүд 1 метр квадрат тутамд 429 төгрөг, аж ахуйн
нэгж байгууллагууд 1 метр куб эзлэхүүн тутамд 1430 төгрөг, төсөвт байгууллагууд
1 метр куб эзлэхүүн тутамд 1870 төгрөгөөр тооцож халаалтын төлбөр төлдөг. Үүнээс гадна
гарааш, халуун ус зэрэг нь тус тусдаа тогтоосон үнэ тарифтай. Сүүлийн 5-6 жилд
халаалт, халуун усны үнэ тарифт өөрчлөлт ороогүй. Манай байгууллага өнгөрсөн
жил төрийн өмчит компани болсонтой холбоотойгоор төсөвт байгууллагын халаалтын
үнэд өөрчлөлт орсон. Халуун усны төлбөрийн хувьд тухайн өрхийн ам бүлийн тоо
болон тоолууртай хэрэглэгчид өөр өөр байдаг. Ам бүлийн тоогоор тооцох бол нэг
хүн сард 2662 төгрөг, тоолууртай хэрэглэгч бол 1 метр куб усыг 2178 төгрөгөөр
тооцож төлбөрөө төлдөг.
-Халаалтын улирал эхэлсэнтэй холбоотойгоор танай станц
өвөлжилтийн бэлтгэл ажлаа хэр хангасан бэ?
-Өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын хүрээнд жил бүр засвар, үйчилгээ хийдэг. Энэ жил ч гэсэн халаалтын улирал эхлэхээс урьтаж, засварын ажлаа хийж дуусгасан. Ингэснээр тогтсон хугацаандаа хэрэглэгчдийг халаалт, халуун усаар ханган ажиллаж байна.
Одоогоор 3 мянга орчим тонн нүүрс татан
авсан. Нэмж хэлэхэд төрөөс хөнгөлөлт үзүүлж байгаа энэ үед зарим хэрэглэгчид өмнө нь үүссэн өр төлбөрөө барагдуулах хэрэгтэй байна. Учир нь он гараад
сар тутмын төлбөрөө хэрэглэгч өөрөө хариуцахтай холбоотой давхар дарамт үүсэх
тул халаалт, халуун усны төлбөрөө цаг тухайд нь төлж хэвшихийг хүсэх байна.
-Ярилцсанд баярлалаа.