Халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах боломжийг бүрдүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-10-12 17:51:03

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт “Монпэн” санаачилгыг хэрэгжүүлснээр халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах боломжийг бүрдүүлнэ гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.  

-Эрүүл мэндийн яам ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр халдварт бус өвчлөлөөс урьдчилан сэргийлэх. Эрт илрүүлэх, хянах нэн шаардлагатай багцыг эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд  нэвтрүүлэх “Монпэн” загвар төслийг Завхан аймагт хэрэгжүүлэх юм. Энэ төслийг хэрэгжүүлсэн сайн туршлага бий. Тухайлбал "Монпэн" төслийг хэрэгжүүлсэн өнгөрсөн нэг жилийн хугацаанд тархины харвалтаас шалтгаалсан нас баралтын тоо Дархан-Уул аймагт 2.5 дахин, Сонгинохайрхан дүүрэгт 1.4 дахин буурчээ. Тиймээс энэ жил баруун аймгуудаас Завхан аймгийг төслийн зүгээс сонгож, дөрвөн өдрийн цогц арга зүйн сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үйл ажиллагаанд аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал, ИТХ-ын дарга Ц.Улам-Оргих, Эрүүл мэндийн газрын дарга Ч.Дэмчигсүрэн, ЭМЯ-ны хэлтсийн дарга Л.Энхсайхан, Халдварт бус өвчний асуудал хариуцсан мэргэжилтэн Б.Уянга нар болон орон нутгийн ЭМГ-ын мэргэжилтнүүд болон Сум, өрхийн Эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд оролцлоо.

Сургалтын үеэр халдварт бус өвчний илрүүлэгт ашиглах шаардлагатай тоног төхөөрөмж, гарын авлагыг оролцогчдод олголоо. Хавдар, чихрийн шижин, даралт ихдэлт, элэгний вирусний өвчлөл зэрэг халдварт болон халдварт бус өвчин эмгэгүүдийг эрт үед нь илрүүлж эмчлүүлэх нь хүндрэхээс сэргийлэх чухал ач холбогдолтой юм. Тиймээс халдварт бус өвчний эрт илрүүлэг нь хүн амын эрүүл мэндэд маш чухал төдийгүй "Монпэн" санаачилгын үр дүн гарна гэв.


Зүрх судасны өвчний 10 жилийн эрсдэлийг үнэлдэг болно

Завхан аймагт ”Монпэн санаачилга”-ын хүрээнд халдварт бус өвчин зүрх судасны өвчнөөс сэргийлэх, хянах нэн шаардлагатай тусламж үйлчилгээний багц (PEN/HEARTS)-ыг анхан шатны тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх үйл ажиллагааны нээлт боллоо. 

Энэхүү санаачилга нь хүн амын өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгаан болсон халдварт бус өвчин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх. Эрт илрүүлэх үйл ажиллагааг идэвхжүүлж, бүх нийтийн эрүүл мэндийн хамрагдалтыг нэмэгдүүлэх зорилготой юм. ДЭМБ-ын “Heart care” цахим функцийг программд нэвтрүүлснээр зүрх судасны өвчний 10 жилийн эрсдэлийг үнэлэх. Артерийн даралт, глюкоз, хлостерин зэрэг эрсдэлт хүчин зүйлсийн өөрчлөлтийг хянахад хялбар болж байна.

Мөн зүрх судасны өвчний эрсдэл, чихрийн шижинтэй иргэдийн хяналт ч сайжирсан үр дүн гарсаар байгаа юм. Тиймээс “Монпэн” зөвхөн төсөл бус цаашид тогтолцооны нэг хэсэг болж үргэлжлэх ёстой гэж зохион байгуулагчид мэдээлэв.

Ташрамд энэ жил Завхан аймгаас гадна “Монпэн” санаачилгыг өргөжүүлж Дорнод, Дундговь, Хөвсгөл, Дархан-Уул аймаг, Сонгинохайрхан дүүргийн нийт 132 Эрүүл мэндийн төвд энэ жил мөн хэрэгжүүлэх юм. 

Связанные новости