Политехникийн коллежийн дөрвөн оюутан БНХАУ-д тэтгэлгээр суралцаж байна

Орон нутагт | Завхан
myagmarsuren@montsame.mn
2021-10-13 21:53:18

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн Политехникийн коллежийн оюутнууд тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдаж байна.

Монгол Улсын БШУЯ, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Ардын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн дагуу энэ хичээлийн жилээс тэтгэлгээр БНХАУ-д бакалаврын сургалтад манай оюутнууд суралцаж эхэллээ. Манай сургуулийн дөрвөн шилдэг төгсөгч тэтгэлэгт хамрагдаж байна. Эдгээр оюутнууд Бугат хотын ШУТИС-ийн бакалаврын хөтөлбөрт нэг жилийн хэлний бэлтгэл, дөрвөн жилийн үндсэн сургалтад хамрагдаж эхлээд байна. Цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан хил нээгдэхгүй байгаатай холбоотой тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан төгсөгч нар онлайнаар хэлний бэлтгэлдээ хамрагдаж эхэлсэн. Тус хөтөлбөр нь таван жилийн сургалтын төлбөр, дотуур байрны төлбөр, амьжиргааны тэтгэлэг сарын 2500 юань, эрүүл мэндийн даатгалын зардал зэргийг БНХАУ-ын Засгийн газраас 100 хувь хариуцаж буй томоохон тэтгэлэгт хөтөлбөр юм. Энэ тэтгэлэгт хөтөлбөрт тэнцсэн дөрвөн суралцагчдаа хичээл сурлагад нь амжилт хүсье гэж Политехникийн коллежоос мэдээлэв.

 Сургуулиа онц дүнтэй төгссөн бол ОХУ-д тэтгэлгээр суралцах боломжтой

Завхан аймаг дахь Политехник коллежийн гадаад хамтын ажиллагаа өргөжиж байна.

БНХАУ-ын 100 хувийн тэтгэлэгт хөтөлбөртэй зэрэгцэн сургуулиа амжилттай төгсөж буй шилдэг төгсөгч нарыг ОХУ-д тэтгэлгээр суралцуулах боломж бүрдээд буй. Энэ нь ОХУ-ын Ерөнхийлөгч Путины тэтгэлэг юм. Энэхүү тэтгэлэгт манай сургуулийг мэргэжлийн боловсролын 2,5 жилтэй ангийг онц дүнтэй төгссөн 18 хүртэлх насны шилдэг төгсөгч бүрд нээлттэй юм.

Тэтгэлгийн хүрээнд оюутнууд ОХУ-д мөн сонирхсон мэргэжлээрээ 100 хувийн тэтгэлгээр суралцах боломжтой юм. Тус сургуулийг төгсөж буй оюутан бүр сургуулиа төгсөөд өөрийн ажлын байрыг бий болгодог. Өнөөдрийн байдлаар тус сургууль нь хөдөлмөрийн зах зээл дээр 20 гаруй мянган мэргэжилтэй ажилтан бэлтгэн эх орныхоо их бүтээн байгуулалтын талбарт гаргаад байна. Хаана ч ажиллах боломжтой хэрэгцээтэй мэргэжлээр суралцаж төгсдөг сургууль маань 800 орчим суралцагчтай. 2021-2022 оны хичээлийн жилд манайх үндсэн ангиудаас гадна 2.5 жилтэй, нэг жилтэй ангиуд болон, техникчийн ангийн сургалтад хамрагдах хүсэлтэй насанд хүрэгчдийн нэмэлт элсэлтийг бүртгэж байгаа гэж Завхан аймаг дахь Политехник коллежоос тус тус мэдээлэв. 

Связанные новости