ДЭМБ цар тахлыг таслан зогсоох төлөвлөгөөг санхүүжүүлэхийг чинээлэг орнуудад уриалжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ЖЕНЕВ. /France24/.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага /ДЭМБ/ тэргүүтэй тусламжийн байгууллагууд ирэх 12 сарын
хугацаанд ядуу буурай орнуудад “COVID-19”-ийн вакцин, оношлуур, эм нийлүүлэх 23.4 тэрбум
ам.долларын төлөвлөгөөг санхүүжүүлэхийг дэлхийд эдийн засгаараа тэргүүлэгч 20
орны удирдагчдад уриалжээ.
ДЭМБ-ын тэргүүн Тедрос
Адханом Гебрейесус мэдэгдэхдээ, Италийн Ром хотноо энэ амралтын өдрүүдэд хуралдах
“Хорийн бүлэг”-ийн удирдагчид таван сая хүний амь насыг аврах энэхүү
төлөвлөгөөг санхүүжүүлэн цар тахлыг таслан зогсоох боломжтой хэмээгээд, тэдэнд үүнийг
хэрэгжүүлэх улс төр, санхүүгийн эрх мэдэл бий гэдгийг онцолсон байна.
“Хэдийгээр 23.4 тэрбум
ам.доллар их мөнгө хэдий ч түүнийг дэлхийн эдийн засагт цар тахлын улмаас
учирч буй үр дагавартай харьцуулахад тийм ч их биш юм” гэж ДЭМБ-ын “COVID-19” цар тахалтай тэмцэхэд шаардлагатай
хэрэгслүүдийн хүртээмжийн асуудал хариуцсан тусгай төлөөлөгч Карл Бильдт сэтгүүлчдэд
мэдээлжээ.
Эмийн компаниудын
үйлдвэрлэсэн “COVID-19”-ийн
нийт вакцины 75 хувийг өндөр орлоготой орнуудад тариад байгаа бол бага
орлоготой орнуудад түүний нэг ч хүрэхгүй хувь нь ногдож буйг ДЭМБ-ын тэргүүн
энэ сарын эхээр мэдэгдсэн юм. Тодруулбал, Африкийн 1.4 тэрбум хүн амын ердөө
тавхан хувь нь вакцинд бүрэн хамрагдаад байхад АНУ, Их Британи тэргүүтэй
орнуудад нэмэлт тунг тарьж эхлээд байна.