Чөлөөт бөхийн залуу тамирчдаас ДАШТ-ээс 2 хүрэл медальтан тодорлоо
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Серби улсын нийслэл Белград хотод бөхийн төрлүүдийн 23 хүртэлх
насны ДАШТ-ний чөлөөт бөхийн АШТ-д Монголын 7 тамирчин өрсөлдөж 2 хүрэл медальтан тодорлоо.
Тэмцээний сүүлийн өдөр /2021.11.07/ эрэгтэйчүүдийн 61 кг-ын жинд Н.Наранхүү хүрэл медалийн эзэн болов. Тэрбээр эхний барилдаанд Беларусийн тамирчин Ислам Гуйсеновыг 8:2-оор, дараагийн тойрогт Ираны бөх Мажид Дастаныг 7:6-гаар, шөвгийн наймд Францын тамирчин Арман Елояаныг 11:4-өөр тус тус ялсан. Харин хагас шигшээд Оросын бөх Артур Чебодаевт 3:5-аар ялагдаж, хүрэл медалийн төлөөх барилдаанд АНУ-ын тамирчин Кристофер Канноныг оноо /10:0/-гоор цэвэр ялснаар ДАШТ-ний хүрэл медаль хүртсэн юм.
Тус тэмцээний эмэгтэйчүүдийн
68 кг жинд Э.Дэлгэрмаа хүрэл медалийн эзэн болсон билээ.