“Арвис” клуб футзаалны эмэгтэйчүүдийн цомын эзэд боллоо

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-12-08 12:06:07

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Ковид-19” цар тахлын нөхцөл байдлаас үүдэн 2 жилийн хугацаанд завсарласан эмэгтэйчүүдийн футзаалны тэмцээн уралдаанууд “Футзаалны эмэгтэйчүүдийн цом”-ын тэмцээнээр эхэллээ.


“Футзаалны эмэгтэйчүүдийн цом”-ын медалийн төлөөх тоглолтууд өчигдөр болж “Арвис” клуб хүчтэй өрсөлдөгч “UBC” багийг 3:2-оор хожиж аваргын цом хүртлээ.


Тус клубүүд 2 сарын өмнө хөл бөмбөгийн “Эмэгтэйчүүдийн лиг”-ийн аваргын төлөө эн тэнцүү өрсөлдөж “UBC”  баг ялаад байсан юм. Өнөөдрийн тоглолт ч урьдын адил сонирхолтой болж 3:2-оор өндөрлөхөд “UBC” клубээс О.Цасан-Охин, Н.Дашдулам, “Арвис” клубээс Ө.Бадамхатан, Т.Энх-Амгалан, Ө.Ундрах нар ур чадвараа харуулж гоол орууллаа.


Үзэгч олныг суудлаас нь өндөлзүүлсэн шигшээ тоглолтын дараа тэмцээний хаалтын ёслол болж “Арвис” /алт/, “UBC” /мөнгө/, “Туулын Том Тулнууд” /хүрэл/ клубийн бүсгүйчүүд өөрсдийн медалийг энгэртээ гялалзуулав.


Мөн тус тэмцээн хувийн амжилтаараа гялалзсан шилдэг тоглогчдыг тодруулахад, “Шилдэг хаалгач”-аар “ТТТ” клубийн Б.Мөнхзул, “Шилдэг тоглогч”-оор “UBC” клубийн О.Цасан-Охин, “Шилдэг довтлогч”-оор “Арвис” клубийн Ө.Ундрах нар тус тус тодорлоо.


Футзаалны тэмцээнийг удаан хүлээсэн охид бүсгүйчүүддээ эхний тэмцээндээ амжилттай оролцсонд нь МХБХ-ноос баяр хүргэж амжилт хүсэв. Нийт эмэгтэй тамирчид удахгүй эхлэх 18 хүртэлх насны охидын футзаалны лиг /2021.12.15-2022.03.16/ болон эмэгтэйчүүдийн футзаалны лигийн /2021.12.25-2022.04.03/ тэмцээндээ бэлтгэж эхлээд байгаа билээ.









Связанные новости